Ираны гадаад хэргийн сайд “түүхэн ялалт” байгуулсан Хамасын тэргүүнд баяр хүргэжээ

2023-10-16

Палестины Хамас зэвсэгт байгууллагын тэргүүн Исмаил Хания өнгөрсөн Бямба гарагт Катарын нийслэл Доха хотод Ираны гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдуллахиантай уулзсан тухай албаны эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ. Уулзалтын үеэр Ираны гадаад хэргийн сайд Хамасын саяхан үйлдсэн халдлагыг Палестины нутаг дэвсгэрт Израилийн явуулж буй эзлэн түрэмгийлэлд саад учруулсан “түүхэн ялалт” хэмээн магтсан байна.

Мөн Хамас байгууллагын зорилтыг биелүүлэхэд туслах, хамтран ажиллах талаар ярилцсаныг Ираны гадаад хэргийн яам мэдээлжээ. Өчигдөр бас Ираны эрх баригчид Израилийн арми Газын зурваст цэрэг оруулбал хариу арга хэмжээ авахаа анхааруулсан байна. “Хэрвээ Сионист дэглэм (Израиль) Газын зурвасын энгийн номхон хүн ардын эсрэг халдлагаа үргэлжлүүлсээр байвал нөхцөл байдал хяналтаас гарч, мөргөлдөөн өргөжин тэлэхгүй гэсэн баталгааг хэн ч өгч чадахгүй” гэж Ираны гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдуллахиан өчигдөр Катарын эмир Шэйх Тамим бин Хамад аль-Танитай уулзах үеэрээ мэдэгджээ.

Одоогоор Израилийн арми Газын зурваст хуурай замын байлдааны ажиллагаа эхлүүлэхэд бэлэн болоод байгаа. Хамгийн сүүлд 2014 онд Израилийн цэрэг тус бүс нутагт нэвтэрч байсан юм. Олон зуун мянган палестин хүн Израилийн армийн өгсөн мэдэгдлийн дагуу Газын зурвасын хойд хагасаас өмнөд хагас руу дүрвэсээр байна. Газаас гадна хойд хил дагуу Ливаны нутаг дэвсгэрээс Ираны дэмжлэгтэй Хезболлах зэвсэгт бүлэглэл өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн удаа Израилийн нутаг дэвсгэрт довтлоод байна.

Энэ нь 2006 онд нэг сарын хугацаанд үргэлжилсэн дайнаас хойших Хезболлах-Израилийн хамгийн их цус асгаруулсан мөргөлдөөнд тооцогдож байгаа юм. Хамас-Израилийн мөргөлдөөнийг бүс нутагт өргөжүүлэхгүйн төлөө дипломатчид цаг нартай уралдан ажиллаж байна. НҮБ-ын Ойрх Дорнодын энхийн элч Тор Веннесланд өнгөрсөн Бямба гарагт Ливаны нийслэл Бейрут хотод Ираны гадаад хэргийн сайд Амирабдуллахиантай уулзсан юм. Энэ уулзалтын дараа шууд Катарт очсон Амирабдуллахиан Хамасын тэргүүнтэй уулзжээ. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений бүс нутагт хийж буй цуврал айлчлалууд үргэлжилж байна. Тэрбээр өчигдөр Египет улсын эрх баригчидтай Кайр хотноо уулзжээ.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency