2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр улсын хэмжээнд гурван удаагийн хээрийн гал түймэр бүртгэгдлээ

2026-04-09

Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн түймрийн эрсдэл нэн өндөр түвшинд хүрээд байна. Өчигдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр улсын хэмжээнд гурван удаагийн хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Дорнод аймгийн Чойбалсан, Дашбалбар сумд болон Хэнтий аймгийн Баянхутаг суманд түймэр гарсан. Бүртгэгдсэн дуудлага мэдээллийн дагуу онцгой байдлын байгууллагын алба хаагчид, орон нутгийн мэргэжлийн анги болон иргэд хамтран ажиллаж, түймрийг бүрэн унтраасан байна.

Мөн 2026 оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар Монгол Улсын найман аймгийн нутаг дэвсгэрт нийт 25 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Тухайлбал, 704 га ой, 58,615 га хээр буюу нийт 59,319 га талбай түймэрт өртжээ. Аврагчдын шуурхай ажиллагааны үр дүнд 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравчийг галын аюулаас авран хамгаалаад байна.

Ойрын өдрүүдэд цаг агаар огцом дулаарч, хүчтэй салхи шуургатай байх тул хуурайшилт улам нэмэгдэх төлөвтэй байна. Иймд ил задгай гал гаргахгүй байх, татаж дуусгасан тамхины иш, чүдэнзний галыг бүрэн унтраах, шар өвс болон хог хаягдал шатаахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

© 2026 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency