Сэлбэ, Дунд голын бүсэд газар олгосон албан тушаалтнуудыг шалгах том ажлын хэсэг байгуулагдсан

2023-08-31

Үерийн эрсдэлтэй бүсэд буй ХУД-ийн гуравдугаар хорооны Шунхлай ШТС-ыг албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамжийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Захирамжийг танилцуулж дууссаны дараа тус асуудлын талаар сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэж байна.

Тэрбээр “Байгаль орчны ахлах байцаагчийн дүгнэлт гарсантай холбогдуулан иргэдийн эрүүл аюулгүй ноцтой хохирол учруулсан тохиолдол шуурхай ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалт байгаа. Үер болоод асуудал хүндэрсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хүлээх боломжгүй учир хуулийн зохицуулалтын дагуу шийдэж байна.

Сэлбэ, Дунд голын бүсэд газар олгосон, бусад асуудлыг шийдвэрлэсэн албан тушаалтнуудын судалгааг гаргасан. Асуудлыг шийдвэрлэхээр хуулийн байгууллагад том ажлын хэсэг байгуулагдсан.

Шунхлай групп компанийн ШТС онцгой объект учир бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Бусад компанийн удирдлагуудтай уулзахад тодорхой шийдэлд хүрээгүй. Гэхдээ Засаг даргын захирамжийг биелүүлнэ.

Өнгөрсөн хугацаанд шүүхийн шийдвэр хүлээх далимаар замхруулж байсан. Цаашдаа иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд халдсан тохиолдол хуулийн заалтуудыг шуурхай хангаж ажиллана.

Төрийн хөрөнгө бол иргэдийнх. Тиймээс иргэдийн татварын хөрөнгөөр шийдвэрлэх ёстой ажлыг нь гүйцэтгэнэ. Олон хүн үүнийг яах вэ гэж барьцаж байгаа. Үер даланг хаасан гээд бүх барилгыг буулгана гэж байхгүй.

Энэ асуудалд холбогдсон албан тушаалтнуудад ёс зүйн биш эрүүгийн хариуцлагын асуудал яригдаж байгаа. Бүгд хуулийн байгууллагад өөрийн гэсэн тайлбараа өгөх ёстой.

Хууль зөрчиж байшин барьсан олон асуудал байгаа нь үнэн. Энэ бүхнийг эргэн харж асуудлыг шийдвэрлэнэ” хэмээн ярив.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency