ХӨТӨЛБӨР НЬ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЭЭГҮЙ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД БАГШ БЭЛТГЭХ ЁСГҮЙ

2023-08-29

Боловсролын багц хуулийн төслийг 2021 оны зургаадугаар сард Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан УИХ-д өргөн барьснаас хоёр жилийн дараа буюу 2023 оны долдугаар сард батлагдсан.

Парламентын түүхэнд анх удаа боловсролын хууль багцаараа шинэчлэгдсэн тохиолдол энэ болж буй.

Шинэчилсэн хууль, эрх зүйн орчинд анхны хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан “Боловсролын шинэ сэргэлт” нэгдсэн хэлэлцүүлэг наймдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан. Тус уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хичээлийн жилээс 2030 он хүртэл багш мэргэжлийг сонгох оюутан болон дотооддоо багш магистраар суралцах төлбөрийг Засгийн газар бүрэн хариуцна гэж мэдэгдсэн билээ.

Монгол Улсын тэргүүлэх салбарыг боловсрол болгохын тулд багшийн чанартай, чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд түлхүү анхаарах нь чухал. Тиймээс төрөөс багшийн чанарыг дээшлүүлэх нь багш мэргэжлийг сонгон суралцаж буй оюутныг дэмжихээс эхлэх юм байна.

БШУЯ-ны гаргасан тайланд 2022-2023 оны хичээлийн жилд 23,314 оюутан төгссөнөөс 2,695 буюу 11.5%-ийг багш мэргэжлийн хөтөлбөрийн төгсөгч эзэлж байна. Үүнээс багш, сургуулийн өмнөх насны боловсролын 735, бага ангийн боловсролын 375, бусад багш мэргэжлээр 1,585 төгсөгч бэлтгэгдэн гарчээ. Харин бизнес, эрх зүйн чиглэл 7,194 буюу 31%-ийн хамгийн өндөр эзлэхүүнийг хамарсан байна. Удаахаар нь эрүүл мэндийн хөтөлбөр 3,884 буюу 17%-ийг эзэлжээ. Эдгээр статистикаас харахад багш мэргэжлийг бусад хөтөлбөртэй харьцуулахад харьцангуй бага сонгож буй.

Харин Үндэсний Статистикийн Хорооны 2021 оны судалгаагаар Монгол Улсын хэмжээд бүх шатны сургалтын байгууллагын үндсэн нийт багшийн тоо 52,160 байна. Үүнээс сургуулийн өмнөх боловсролд 8,824, ерөнхий боловсролын сургуульд 35,110, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад 2,124, их, дээд сургуульд 6,102 үндсэн багш тус тус эзэлж байна.

Өнөөдрийн байдлаар цалин хөлс, нэр хүнд, ачаалал зэргээс хамаарч багш мэргэжлийг элсэлтийн ерөнхий шалгалтдаа өндөр оноо авсан оюутнууд тэр бүр сонгоод байдаггүй. Гэвч багш нарын цалин 2023 онд дунджаар 55 хувиар нэмэгдсэн гэж засгийн газраас мэдээлсэн. Улс орноо хөгжүүлэх боловсон хүчний мэдлэг, хүмүүжлийн суурийг тавих багш мэргэжлийн босго оноо 2022 онд 480 байсан бөгөөд энэ хичээлийн жилд өөрчлөгдөөгүй байна. Жил тутам тодорхой хэмжээгээр босго оноог нэмээд явна гэж Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээлэв. Багш мэргэжлийн элсэлтийн шаардлагыг илүү нэмэгдүүлж, өрсөлдөөнтэй болгож өгөхгүй бол төрөөс төлбөрийг дааж байгаа тохиолдолд чанаргүй олон оюутан элсэх магадлал бий.

                               ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН БАГШ БЭЛТГЭДЭГ ИХЭНХ ХӨТӨЛБӨР МАГАДЛАЛ ИТГЭМЖЛЭЛДЭЭ        ОРООГҮЙ БАЙНА

Боловсролын ерөнхий шинэ хуулийн 12.5-д “Дээд боловсролын сургалтын байгууллага магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр багшийг бэлтгэнэ” гэсэн заалт тусгагдаж өгсөн. Энэ асуудлаар Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл (БМИҮЗ)-өөс тодруулахад “Монгол Улсын хэмжээнд багш мэргэжлийг бэлтгэдэг их, дээд сургуулийн 250 гаруй хөтөлбөр байдгаас 50 орчим буюу 20 хувь нь л магадлан итгэмжлэлд орсон. Боловсролын шинэ ерөнхий хуулиараа их, дээд сургуулиудын магадлан итгэмжлэгдээгүй багш бэлтгэдэг хөтөлбөрүүд багш бэлтгэх ёсгүй” гэв. Үлдсэн 200 гаруй багшийн хөтөлбөр магадлан итгэмжлүүлээгүй байдаг бөгөөд энэ хичээлийн жилд багш мэргэжлийн хөтөлбөрүүддээ элсэлтээ аван үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Монгол Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд 69 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 33 буюу 47.8 хувь нь их сургууль, 35 буюу 50.7 хувь нь дээд сургууль 1 нь коллеж байна гэж боловсролын яамнаас мэдээлсэн. Тус 69 их дээд сургуулийн 67 нь БМИҮЗ-д магадлан итгэмжлүүлсэн. Тэгвэл магадлан итгэмжлэгдээд буй 67 их, дээд сургуулийн дөнгөж долоон сургуулийн 46 багшийн хөтөлбөр л магадлан итгэмжлүүлжээ.

Магадлан итгэмжлэл нь тухайн сургалтын байгууллагыг бүхэлд нь хамарсан болон тодорхой хөтөлбөрийн үйл ажиллагааг хамарсан гэсэн хоёр төрөл байдаг. Төрөөс боловсролд анхаарч багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг дэмжиж байгаа ч тухайн багшийг бэлтгэж буй дээд сургалтын байгууллагуудын хөтөлбөрүүд шаардлага хангаж, оюутнуудад чанартай, мэргэжлийн хүрээний боловсрол мэдлэг олгож буй нь эргэлзээтэй юм. Тиймээс боловсролын ерөнхий хуулийн дагуу бусад сургуулийн багш бэлтгэдэг хөтөлбөрүүд яаралтай магадлан итгэмжлэлийн хүсэлт явуулж орох шаардлагатай юм.

Монгол Улсын Боловсролын Их Сургууль болон Архангай, Баян-Өлгий харьяа их сургуулийн нийт 46 орчим багшийн хөтөлбөрөөс 27 нь магадлан итгэмжлэлд орсон. Монгол Улсын Их Сургууль болон Ховд, Эрдэнэт, Завхан, Дорнод аймгийн салбар сургууль нийтдээ 70 орчим багшийн хөтөлбөр байдгаас 11 нь магадлан итгэмжлүүлжээ. Соёл Урлагийн Их Сургууль, Мон Алтиус Дээд Сургууль, Дархан Дээд сургууль, Отгонтэнгэр Их Сургууль болон Хүмүүнлэгийн дээд сургуулийн зарим багшийн хөтөлбөр нь магадлан итгэмжлүүлжээ.

Магадлан итгэмжлэл гэдэг нь чанарын урьдчилан тогтоосон шалгуур, үзүүлэлтүүдийг хангаж байгаа буюу давуулан биелүүлж буй боловсролын байгууллага, эсвэл түүний тодорхой салбарын үйл ажиллагааг эрх бүхий хөндлөнгийн этгээд магадлан шалгаж, хүлээн зөвшөөрөх үйл ажиллагаа юм.

Магадлан итгэмжлэх процесс нь тухайн сургалтын байгууллагын эрхэм зорилго, зорилт, санхүү эдийн засаг, барилга байгууламж материаллаг нөхцөл, сургалтын агуулга, эрдэм шинжилгээний ажил, багш, суралцагч, номын сан, удирдлага зохион байгуулалт зэрэг үйл ажиллагаан дээр үнэлгээ өгч, засан сайжруулах зөвлөмж өгч хамтарч ажиллах маягаар явдаг байна.

Магадлан итгэмжлэл нь тухайн боловсролын байгууллага төрөөс санхүүгийн дэмжлэг авах, суралцагчид нь төрөөс үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал, зээлд хамрагдах эрх эдлэх, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр дүгнэлт гаргах үндэс болдог. Мөн байгууллагын үйл ажиллагаанд хамт олны гишүүн бүрийг татан оролцуулж өөрөө өөртөө иж бүрэн үнэлгээ дүгнэлт өгч цаашид өөрийгөө хөгжүүлэх чиглэл, хэтийн төлөвөө тодорхойлоход дэмжлэг үзүүлээд зогсохгүй, сургалтын чанарыг олон улсын түвшинд ойртуулан нийцүүлэх, кредит цагийг харилцан хүлээн зөвшөөрөхөд түлхэц болдгоороо онцгой ач холбогдолтой юм.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency