Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын мөргөлд гаднын 3,500-аад хүн ирэхээр бүртгүүлж, хотын бүх зочид буудлын захиалга дүүрчээ

2023-08-28

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис манай улсад энэ сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр болсон билээ. 800-аад жилийн өмнөөс захидлаар харилцаж ирсэн хоёр улсын харилцаанд түүхэндээ анх удаагаа хэрэгжиж байгаа уг өндөр түвшний айлчлалын хөтөлбөр олон сарын өмнөөс төлөвлөгдсөн. Тиймдээ ч айлчлалын баг маш өргөн бүрэлдэхүүнтэй ирж байгаа юм байна.

Тодруулбал айлчлалаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисыг дагалдан тус улсын ерөнхий сайд, гадаад харилцааны сайд болон бусад ажлын албаны өндөр албан тушаалтнууд тэргүүтэй 200-аад хүн ирэхээр болжээ.  Айлчлалыг сурвалжлахаар олон улсын нийт 150-аад хэвлэл мэдээллийн ажилтан ирж байгаа юм байна. Үүнд Италийн хэвлэл мэдээллийн байгууллага түлхүү байгаа аж.

Манай улсын зүгээс өргөн бүрэлдэхүүнтэй ирж буй эдгээр олон улсын хэвлэлийнхэнд зориулан Монголоо сурталчлах арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна.  Олон хэвлэл мэдээллийн байгууллага ирж байгаа нь олон улсад манай улсыг таниулахаас гадна Монгол улс хүний оюун санаа, итгэл үнэмшил, шашин шүтэх эрх, эрх чөлөөг хүндэтгэж ирсэн түүхэн уламжлал, үзэл санааг дэлхий нийтэд таниулах боломж болж байна гэдгийг Гадаад харилцааны сайд онцолсон юм.

Сүсэгтэн олны хувьд ирнэ гэж албан ёсоор бүртгүүлсэн 3,500-аад хүн байгаа бөгөөд Степпа Аренад болох Гэгээн мөргөлийн үйл ажиллагааны заалны багтаамж дүүрсэн байгаа аж.

Үүнээс гадна зөвхөн төв талбай дээрээс Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисыг харах гэсэн жуулчид ихээр ирнэ гэсэн тооцоолол байгаа юм байна.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency