Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2025-10-15

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Моди нарын  урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Төрийн тэргүүн болон Ерөнхий сайд нар ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсыг манай “гуравдагч хөрш”, Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь оюун санааны итгэлт түнш хэмээн үздэг бөгөөд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам бүр гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Ерөнхий сайд Н.Моди хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал нь ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлэх түүхэн ач холбогдолтойг онцоллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын нэгэн жарны хамтын ажиллагааны түүхэн ойгоор Ерөнхий сайд Н.Моди-гийн 2015 онд Монгол Улсад хийсэн анхны албан ёсны айлчлал нь хоёр орны харилцаанд түүхэн шинэ хуудсыг нээж, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэлээ. Талууд өнгөрсөн 70 жилийн ололт, амжилтаа дүгнэн хэлэлцэж, ирэх он жилүүдэд харилцааг шинэ агуулгаар баяжуулан, бүхий л салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх нийтлэг эрмэлзэлтэй буйгаа харилцан илэрхийллээ.   Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг Энэтхэгийн “Виксит Бхарат-2047” үндэсний хөгжлийн стратегитай уялдуулан эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, эрчим хүч, эрдэс баялаг, ногоон хөгжил, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхээ нотоллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь манай улсын эдийн засгийн аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, улс орны хөгжил дэвшилд стратегийн чухал ач холбогдолтойг онцолж, энэтхэгийн талд талархал илэрхийллээ. Эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд хоёр орны хоорондын тээвэр, логистикийн шинэ холболт, гуравдагч улсын боомт, тээврийн коридорын боломжийг хамтдаа ашиглах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар тохирлоо. Монголын агаарын тээврийн компани Дели болон Амрицар хот руу захиалгат нислэг үйлдэх болсон нь иргэдийн солилцоо, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал хөшүүрэг болно гэдэгт Ерөнхийлөгч итгэж буйгаа тэмдэглэв. Айлчлалын хүрээнд болох Монгол-Энэтхэгийн бизнес форум нь баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гээд, хувийн хэвшил хоорондын ойр дотно харилцааг дэмжих нь урт хугацааны тогтвортой худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны үндэс суурь гэдгийг тэмдэглэв.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency