Орон сууц авсан иргэдэд 15 сая төгрөгийн татварын буцаалт олгодог болно

2025-09-15

Үл хөдлөхөө зарахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох, НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох нийтийн өргөдөлд тус бүр 100 мянган иргэн цахимаар гарын үсэг зурж, УИХ-аар хэлэлцэгдэх болоод байгаа. Иргэдийн зүгээс ч хүлээлт өндөр байна.

Харин Сангийн яам боломжгүй хэмээн үзэж,

“Засгийн газар, Сангийн яамнаас барьж байгаа бодлого бол НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг илүү сайжруулж, олон улсын жишигт нийцүүлж хамрагдалтыг сайжруулъя. Нийтээрээ и-баримт өгдөг, НӨАТ төлдөг болъё. Иргэдэд худалдан авалтынх нь түвшнээс хамаараад 5, 10 хувь гэсэн хоёр шатлалаар буцаан олголт хийдэг болъё гэдэг хувилбарыг боловсруулсан. Энэ тохиолдолд төсөвт ирэх ачаалал, иргэдэд очих татварын хөнгөлөлтийн тархац талаас илүү оновчтой болно.

Өргөн барихаар боловсруулсан татварын хуулиараа 6 сая төгрөгийн татварын хөнгөлөлтийг 15 сая төгрөг болгож байгаа. Өөрөөр хэлбэл анх удаа орон сууц авсан иргэдэд 15 сая төгрөгийн татварын буцаалт дансанд нь орно. Бид орон сууцтай болох, орон сууцанд амьдрах хугацааг нь дэмжих ёстой. Харин зарахад дэмжлэг үзүүлэх нь оновчгүй бодлого гэж үзэж байгаа. Хэрвээ хоёр хувийн татварыг больсон тохиолдолд орон сууцны ашгаас 10 хувийн стандарт татвар төлөх хувилбар руу шилжинэ гэсэн үг” хэмээн тайлбарлав.

эх сурвалж: eguur.mn

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency