Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна.
УИХ-аас 1996 онд 33 тоот тогтоол гаргаж, жил бүрийн энэ өдөр төрийн өндөр дээд албан тушаалтнууд хэлмэгдэсдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэн ёслолыг зохион байгуулах болсон юм. Тэгвэл өнөөдөр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж болон нам, төрийн удирдлагууд, алба хаагчид, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн хөшөөнд цэцэг өргөж, тэдний дурсгалыг хүндэтгэлээ.
Энэ өдөр нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн амиа алдсан олон мянган иргэний гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний гэр бүл үр хүүхдэд хүндэтгэл үзүүлэх цаашлаад түүхийн сургамжийг хойч үедээ сануулах ач холбогдолтой. Хэлмэгдүүлэлтийн хамгийн их хор хохирол учруулсан үе нь 1937-1939 он байжээ. Энэ үеийн хэлмэгдүүлэлтэд тухайн үеийн төр засаг, нам, цэрэг арми, улс төрийн удирдлагад ажиллаж байсан олон мянган хүн өртөж амь насаа алдсан байна.
1937 оноос эхлэлтэй хэлмэгдүүлэлтэд хоёр жилийн дотор 30 мянга орчим хүнийг буудан хороосон гэх баримт байдаг аж. Тодруубал, нийт хэлмэгдэгч 31652 үүнээс, хэлмэгдсэн лам, хуварга 18775 буюу 59.7 хувь, цаазын ялаар шийтгүүлсэн 13827 буюу 73.6 хувь, хорих ялаар шийтгүүлсэн 4039 буюу 21.5 хувь, бусад /баривчлагдаад суллагдсан, шоронд нас барсан, шийтгэсэн тогтоолгүй, ор сураггүй алга болсон гэх мэт/ 909 буюу 4.8 хувь хэлмэгдүүлэлт өрнөсөн хугацаанд устгасан сүм хийдийн тоо 1250 орчим байсан гэх статистик байна.
эх сурвалж: Монцамэ агентлаг
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй