Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг байна.
Тус хороо өнөөдөр хуралдаж, “Парис-2024” олимпын наадамд оролцох бэлтгэл ажлын явцын талаар Ерөнхий сайдад танилцуулав.
Засгийн газраас тус хороонд олимпын наадамд бэлтгэх ажилтай холбоотойгоор гурван тэрбум төгрөг шийдэж өгчээ. Тус хорооны дэд дарга, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ олимпын үзэл санаагаар дамжуулан нийгмийн бүх давхаргад нөлөөлөх эрүүл амьдралын хэв маяг, дадлыг бий болгох нь чухлыг дурдав.
Ерөнхий сайд “Олимпын наадмын бэлтгэл ажлыг одоогоос эрчимжүүлэх хэрэгтэй. Үндэсний хороо тамирчид, дасгалжуулагчдад шаардлагатай бүх талын дэмжлэг үзүүлж, бэлтгэлдээ анхаарах боломжийг бүрдүүлэх ёстой.
Сэтгэл зовоосон асуудал допинг байна. Энэ талаарх мэдээллийг тамирчдад байнга өгч байх хэрэгтэй.
Тамирчид болон спорт цогцолбор барих хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй “Өглөөний уулзалт” хийж болно.
Хувийн хэвшил спортын цогцолбор бариад өгвөл Сангийн яам татвараас хэдэн жилийн хугацаатай чөлөөлөх вэ гэдгийг ярилцахад болохгүй зүйлгүй.
Салбарын багц хуулиа намрын чуулганаар хэлэлцүүлэхээр боловсруулаад танилцуулах хэрэгтэй. Ингэхдээ мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, Олимпын хороотойгоо нягт хамтарч ажиллаарай” гэв.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй