Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд олгогдоод байсан 169,405 м.кв талбайн газар ашиглах эрхийг цуцалсан талаар Байгаль орчин аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-наас мэдээллээ.
Тодруулбал БОАЖЯ-ны Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хийсэн хяналт шалгалтаар “Ойн тухай хууль”-ийн дараах заалтуудыг зөрчиж газар ашиглах эрх олгосон нь тогтоогдсон байна.
“Ойн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”,
29 дүгээр зүйлийн 29.1.10-д “ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах” гэсэн заалтуудыг тус тус зөрчжээ.
Тус хяналт шалгалтын ажлын хүрээнд энэ оны тавдугаар сарын 18-ны өдөр Ойн сан бүхий газарт газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газарт Захиргааны ерөнхий хууль заасны дагуу Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэн цуцлах саналыг Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээд байжээ.
Харин БОАЖ сайдын 2023 оны 8 дугаар сарын 01 өдрийн А/299 тоот тушаалаар Ойн сан бүхий газарт газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Ингэснээр Улсын тусгай хамгаалалттай Богдхан ууланд олгогдоод байсан 169,405 м.кв талбайг хамгаалалтад аваад байгаа юм байна.
Мөн энэ оны зургаадугаар сард БОАЖ яамны Салбарын хяналтын газар, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газар, Усны газар хамтран хийсэн хяналт шалгалтаар Улсын тусгай хамгаалалттай газрын Усны онцгой хамгаалалтын бүсэд газар ашиглах эрх авсан иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүхэлд нь цуцлах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлээд байгаа аж.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй