“Унгар Монгол Улсын дипломат харилцаа 75 жил” фото зургийн үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд өчигдөр нээлтээ хийв.
Монгол, Унгар Улс одоогоос 75 жилийн өмнө 1950 оны дөрөвдүгээр сарын 28-нд дипломат харилцаа тогтоож, улмаар 1957 онд Улаанбаатар, Будапешт хотод дипломат төлөөлөгчийн газар нээж байсан түүхтэй.
Уг үзэсгэлэнд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хоёр ард түмний түүхэн харилцааны голлох үйл явдлуудыг харуулсан зургуудыг дэлгэснээрээ онцлогтой.
Мөнгөн модыг урласан Франц гаралтай уран дархан Виллелмуш нь Монголчуудын довтолгооны үеэр 1241-1242 оны хооронд Унгарын Фехервар хотод олзлогдон Хархоринд хүргэгдэн иржээ. Тэрээр Унгар, Францад эзэмшсэн ур чадвараа Монгол Улсад гарган Мөнгөн модыг бүтээж байсан түүхтэй аж. Мөн өнгөрсөн жил Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуунд Унгар улсын Угсаатны зүйн нийгэмлэгийн хүндэт гишүүний үнэмлэх, баримт бичгийг тус музейн дэд захирал Вереш Габор гардуулан өгч байв.
Үзэсгэлэнгийн нээлтэд Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Др.Обрущанский Борбала Анна, УИХ-ын гишүүн, Монгол-Унгарын Парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл болон бусад зочид, төлөөлөгчид оролцжээ.
Унгарын ЭСЯ, ГХЯ, Архивын Ерөнхий газраас хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэн 7 хоног үргэлжилнэ.
эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй