Улсын Их Хурлын даргын 2024 оны 287 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан санаачилж, Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран “Бидний эрх, бидний оролцоо” сургагч багшийн хөтөлбөрийг зохион байгууллаа. Эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрхийн хамгаалагч болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрийн төгсөгчдөд энэ сарын 10-ны өдөр хүний эрхийн сургагч багшийн батламжийг гардууллаа.
Хөтөлбөрийн төгсөлтийн арга хэмжээ Төрийн ордонд болж, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал, профессор, доктор Д.Бумдарь чиглүүлэгчээр ажиллав. Тэрбээр оюутан залууст Олон улсын хүний эрхийн өдрийн мэнд хүргээд, хөтөлбөрийн зорилго, үр дүнгийн талаар танилцуулсан юм.
Нэгдсэн Үндэстний байгууллага 1948 онд Хүний эрхийн Түгээмэл тунхаглалыг баталж, жил бүрийн 12 дугаар сарын 10-ныг Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, хөтөлбөрийн оролцогчид энэхүү онцгой өдрөөр хүний эрхийн сургагч багш болж байгааг тэмдэглэв. Монгол Улсын Үндсэн хууль “Монголын ард түмэн бид..” хэмээн эхэлдэг нь монгол төр иргэнийхээ төлөө оршиж байгааг илэрхийлнэ. Хүний эрхийг хамгаалахад эрхээ мэддэг иргэнтэй байх нь чухал. Өнөөдөр та бүхэн эрхээ мэдлээ, цаашлаад олон хүнд түгээнэ. Үүгээрээ энэ хөтөлбөр чухал ач холбогдолтой. Улсын Их Хурал үүнд анхаарал хандуулж, хүний эрхийн сургагч багшийг сургах хөтөлбөрийг эхлүүлж байна. Эрх эдэлдэггүй хүн гэж байхгүй. Тиймээс хэн бүхний мэдэх ёстой мэдлэгийг та нар түгээх болно. Эрх, эрх чөлөөгөө мэддэг үнэ цэнтэй иргэн нь ардчилсан Монгол Улсын үнэт зүйл, улсын хөгжлийн үндэс. “Бидний эрх, бидний оролцоо” сургагч багшийн хөтөлбөрөөс сурсан мэдсэн бүхнээ та бүхэн баяжуулж, мэдлэг, чадвараа хөгжүүлж, бусдын төлөө дуугардаг хүний эрхиийг хамгаалагч болох боломжтой хэмээгээд оюутан залууст амжилт хүсэв.
Ийнхүү их, дээд сургуулийн 100 гаруй оюутан, залуус хамрагдаж буй, эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрхийн хамгаалагч болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой “Бидний эрх, бидний оролцоо” сургагч багшийн хөтөлбөрийн төгсөгчдийн батламжийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь нар гардууллаа.
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй