Өнөөдрөөс папиллома вирусийн эсрэг вакциныг 11 настай хүүхдүүдэд тарьж эхэлнэ

2024-11-25

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор “Дархлаажуулалтын үндэсний товлол”-д Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг 11 настай хүүхдэд 1 тунгаар хийхээр шинэчлэн баталсан. Папиллома вирусийн эсрэг вакциныг өнөөдрөөс 11 настай хүүхдүүдэд тарьж эхлэхийг Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.

Папиллома вирусийн вакциныг дэлхийн 160 улс дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн бөгөөд 9-14 насыг зорилтот бүлэг болгон хийж байгаа аж. Манай улсын хувьд 11 настай хүүхдүүдийг дархлаажуулж, сэргийлэх боломжтой гэж үзэж байгаагаа ЭМЯ-наас мэдээлсэн.

HPV/Хүний папиллома вирус / нь 100 гаруй хэлбэртэй бөгөөд үүний 40 гаруй хэлбэр нь эмэгтэйчүүдийн бэлгийн замаар халдварладаг. Вирусийн хэв шинжүүдийг их болон бага эрсдэлтэй гэж хувааж авч үзэх бөгөөд бага эрсдэлтэй /HPV/ нь бэлгийн замын үү ургацаг байдлаар голдуу илэрдэг бол их эрсдэлтэй /HPV/ нь эсийг удаан хугацаагаар эмгэгшүүлж улмаар умайн хүзүү, ам залгиур, бэлгийн уруул, үтрээ, умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг байна.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency