Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт болж байна

2023-06-28

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Хамилтон-ыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын худалдааны төвтэй хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт, Гадаад харилцааны сайдын санаачилгаар Монгол Улсад зохион байгуулж буй Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Хамилтон оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм.Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд талархал илэрхийлж, чуулга уулзалт үр дүнтэй болж буйд сэтгэл хангалуун байгаагаа хэлэв.Цар тахлын дараа эдийн засаг, худалдааг сэргээх, идэвхжүүлэх нь улс орон бүрийн чухал зорилт болж буй бөгөөд Монгол Улс Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж буй нь үүний нэгэн илрэл хэмээн онцоллоо.Чуулга уулзалтын үеэр эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих Олон улсын худалдааны төвийн “SheTrades” хөтөлбөрийг Монгол Улсад эхлүүлж байгаад баяртай байгаагаа хэлэв. Энэхүү санаачилгын хүрээнд Монголын эмэгтэй  бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид бусад олон улсын эмэгтэй бизнес эрхлэгчдтэй холбоо тогтоох, харилцан туршлага хуваалцах боломж нээгдэх юм.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency