Байнгын хороод төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явууллаа

2024-11-04

Хууль зүйн байнгын хороо арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явууллаа.

Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзвэл Байнгын хороонд чиглэл өгч буцааж болох зохицуулалтын дагуу Улсын Их Хурлын дарга 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн үдээс хойших хуралдааны үеэр Хууль зүйн болон Төсвийн байнгын хороонд чиглэл өгсөн юм.

Энэ хүрээнд Байнгын хороо хуралдаж, Хууль зүйн байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахаар болов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал санал хэлсэн. Тэрбээр, “Хууль зүйн байнгын хорооны зардал нэмэгдүүлэх саналыг дэмжиж байна. Гэхдээ санхүүжилтийн эх үүсвэрийг “Дархан-Алтанбулаг” чиглэлийн хатуу хучилттай авто замын өргөтгөл гэсэн томоохон бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг бууруулахыг дэмжихгүй байна” гээд зардал бууруулах эх үүсвэрийг нь өөрчлөх боломжтой эсэх талаар санал хэлжээ.

Ингээд Хууль зүйн байнгын хорооноос дэмжсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгагдсан “Дархан-Алтанбулаг чиглэлийн хатуу хучилттай авто замын өргөтгөл 4 эгнээ, 113.1 км, гүүрэн байгууламж, 885.6 у/м /Төвийн бүс/” гэсэн төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг бууруулж, уг эх үүсвэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын төсвийн багцад хамаарах шүүхийн байр, тоног төхөөрөмж болон Улсын Ерөнхий прокурорын зарим зардлыг нэмэгдүүлэх саналтай холбогдуулан ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэн байна.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency