Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид Хууль зүйн байнгын хорооны дарга болон УИХ-ын гишүүд ажиллалаа

2024-10-31

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд болон Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, О.Номинчимэг, У.Отгонбаяр, Х.Тэмүүжин, Д.Энхтуяа нар аравдугаар сарын 30-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажиллажээ.

Хүний эрхийн дэд хороо 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа 2024-2025 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг баталсан бөгөөд 19 зорилт бүхий тус төлөвлөөний дагуу ийнхүү гишүүд, холбогдох албан тушаалтнуудын хамтаар Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажиллаж байгаа юм байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор, тус газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн дарга, хурандаа С.Ганбат болон тус ангийн бие бүрэлдэхүүн Хууль зүйн байнгын хорооны дарга, Хүний эрхийн дэд хорооны дарга болон Улсын Их Хурлын гишүүд, албаны хүмүүсийг хүлээн авав.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, монгол төр иргэнийхээ эрхийг хангах чиглэлээр алхам алхамаар ахиц дэвшил гаргаж байгааг тэмдэглээд “Хорих ангиудад ял эдэлж, хоригдож байгаа иргэний эрхийг хангахын зэрэгцээ энд ажиллаж буй алба хаагчдын эрхийг хамгаалах, хангах асуудлыг орхигдуулж болохгүй. Орон тоо дутуу байгаа нь хоригдогсдын эрх зөрчигдөх эрсдэлийг нэмэгдүүлэхээс гадна энд ажиллаж байгаа алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн зөрчил үүсгэж байгаа. Энэ мэтчилэн төсөв, санхүүгийн асуудал нь хүний эрхийг хангахтай шууд хамааралтай. Тиймээс та бүгдийн танилцуулж буй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхийн төлөө ажиллах болно” гэлээ.

Төрийн байгууллагыг хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэхэд нь шийдвэр гаргагчид төсөв, санхүүжилтийг шаардлагатай хэмжээгээр нь хуваарилж байх ёстой гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлж, Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд болон Хүний эрхийн дэд хороо энэ чиглэлд дэмжин ажиллана гэлээ.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд болон Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, О.Номинчимэг, У.Отгонбаяр, Х.Тэмүүжин, Д.Энхтуяа нар Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажиллах үеэрээ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс авсан зөвшөөрлийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, тус Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нарын хамтаар шүүгдэгч Н.Өнөрцэцэгтэй уулзжээ.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency