55 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧИД НОГООЧИН, ЦЭЦЭРЛЭГЧ, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ДАВХАР МЭРГЭЖИЛ ЭЗЭМШДЭГ

2024-09-19

Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургууль нь 48 дахь жилдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бага, суурь болон мэргэжлийн боловсрол олгож тэднийг бие даасан амьдрал хөдөлмөрт хөтөлж байна.

Тус сургууль нь 2024-2025 оны хичээлийн жилд 502 сурагч, 115 багштайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. 2010 оноос хойш хүндэвтэр хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцуулж байна.

Суралцагчид ерөнхий боловсролын сургуульд боловсрол эзэмшиж нэмэлтээр:

– Зочид буудлын өрөөний үйлчлэгч

– Цэцэрлэгч- ногоочин

– Хоол үйлдвэрлэл чиглэлээр мэргэжлийн боловсрол эзэмшүүлэн төгсгөж, ажлын байранд зуучлан өгч байна.

Энэ хичээлийн жилд орчин үеийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн “Талх нарийн боов – Бариста” мэргэжлийн ангийг шинээр нээн 15 сурагчтайгаар хичээллүүлж эхэллээ. Мэргэжлийн ангийг Итали улсад үйлдвэрлэсэн орчин үеийн тоног төхөөрөмж, түүхий эдээр ханган сургалтын үйл ажиллагааг явуулж эхэлж байна.

“Талх нарийн боов – Бариста” мэргэжлийн ангид суралцсанаар бүх төрлийн кофе, гурилан бүтээгдэхүүн шейк, смүти бялуу, тарт бэлтгэн гаргах чадварт суралцаж “Чадамжийн гэрчилгээтэй” төгсөх юм.

Эх сурвалж: https://newspress.mn/

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency