ХЭҮК: Эмэгтэйчүүд гэрийн ажил буюу хөлсгүй хөдөлмөрт хамгийн их оролцдог

2024-03-07

ХЭҮК Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг холбогдох саналын хамт жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан УИХ-д өргөн барьдаг. Энэ удаагийн 23 дахь илтгэлд “Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудал” сэдвийг тусгайлан тусгахаар ажиллаж байна.

Энэ хүрээнд “Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудал” судалгааны талаар ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ өнөөдөр /2024.03.07/ танилцуулсныг хүргэе.

Монгол Улсад 2023 оны 08 дугаар сарын байдлаар:

  • Нийт өрхийн тоо- 941,500
  • Шинээр гэрлэлтээ бүртгүүлсэн- 17574
  • Гэр бүл цуцлалт: 4553
  • Үрчлэгдсэн хүүхэд: 1478
  • Өрх толгойлсон эх: 66.648
  • Өрх толгойлсон эцэг 15,089

Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудал” судалгаагаар:

  • Гэрлэлтийн гэрээ байгуулахыг асуудалд судалгаанд оролцогчдын 57,1 хувь нь зөв гэж үзсэн
  • Гэрлэлтийн гэрээнд 30,4 хувь нь гэрлэлт цуцалсны дараах үр хүүхдээ өсгөх үүрэг хариуцлагыг тусгахыг онцолсон.
  • Гэрлэлтийн гэрээгээр судалгаанд оролцогчдын 44,4 хувь нь эд хөрөнгөтэй холбоотой маргааныг шийдвэрлэнэ  гэж үзэж байна.
  • Эцэг эхийн үр хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс болж хамгийн тулгамдсан асуудал бол хүүхдээ үл хайхрах байдал 57 хувийг эзэлж байна.

Хөлсгүй хөдөлмөрийг эмэгтэйчүүд илүү их хийж байна: Гэрийн ажил буюу хөлсгүй хөдөлмөрт гэр бүлийн гишүүдээс хамгийн их оролцдог (Хоол хийх, гэр цэвэрлэх, хүүхдээ болон дүүгээ, ахмад настныг асрах, хувцсаа угаах гэх мэт) талаар тодруулахад эхнэр гэж 74.1 хувь, өөрийн болон хадам аав ээж гэж 7.7 хувь, нөхөр гэж 5.6 хувь хариулжээ.

Өсвөр насныхны нөхөн үржихүй, эрүүл мэндийн боловсролд анхаарах шаардлага тулгарч байна: Монгол Улсын хэмжээнд өсвөр үеийн ердөө 34 кабинет, клиник, төв нэртэйгээр тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Эдгээр нь:

  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 1 клиник,
  • Нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн төвд 9 клиник, кабинет,
  • 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээ төв, аймгийн эрүүл мэндийн газруудыг түшиглэсэн 21 төв, кабинет,
  • Дорноговь аймгийн Замын-Ууд сум, Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад З кабинетаар тус тус уйл ажиллагаа явуулж байна.

Эрүүл мэндийн сайдын 2020 оны ”Охидод эрүүл мэндийн өвөрмөц тусламж, үйлчилгээ узүүлэх болон өсвөр насны жирэмсэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар” А/З64 дүгээр тушаал, Эрүүл мэндийн сайдын 2020 оны ”Жирэмсэн, төрөх, төрсний дараах үед узүүлэх тусламж, үйлчилгээний журам” А/З18 дугаар тушаалын дагуу өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлтийн тусламж, үйлчилгээг узүүлж байна.

Эрүүл мэндийн сайдьн 2019 оны ”Ур хөндөлтийг зохицуулах журам” А/З87 дугаар тушаал, ”Үр хөндөлтийн тусламж, үйлчилгээний MNS 5488:2019” стандартын дагуу ур хөндөлтийн тусламж, үйлчилгээг узүүлж байна. Журмын 9.2-д үр хөндүүлэх эмэгтэйн өөрийнх нь, 18 хүртэлх насны охидын эцэг, эх асран хамгаалагчийн, иргэний эрх зүйн чадамжгүй сэтгэцийн эмгэгтэй эмэгтэй хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлт зөвшөөрлийг бичгээр авсан байна хэмээн тусгасан байдаг.

Өсвөр үеийн кабинет, клиник, төвүүдийн зарим нь эмч, сувилагч, зарим нь эмч, нийгмийн ажилтан, зарим нь зөвхөн эмчтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Өсвөр насныхны эрүүл мэнд, нөхөн үржихүйн боловсролтой холбоотой үйл ажиллагаанд онцгой анхаарал тавих цаг болсныг дараах тоо баримтууд илэрхийлж байна.

2021 онд 10-14 насны 26 охин, 2022 онд 26 охин, 2021 онд 15-19 насны 2331 охин, 2022 онд 2232 охин жирэмсэлсэн.

2021 онд 10-14 насны 35 охин үр хөндүүлсэн бол 2022 онд 41 бож өссөнх. Харин 2021 онд 15-19 насны 618, 2022 онд 587 охин үр хөндүүлсэн.

2021 онд 10-14 насны 16 охин төрсөн бол 2022 онд 21 болж өссөн. Харин 2021 онд 15-19 насны 2538 охин төрсөн нь 2022 онд 2370 болж бууран үзүүлэлттэй байна.

Охидын эрүүл мэнд нөхөн үржихүйн эрх зөрчигдөж байх тул төр, төрийн холбогдох байгууллагууд хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүргээ биелүүлж охидын эрхийг хамгаалах, эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх бодлого үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Тулгамдсан асуудал:

  • Өсвөр насны хүүхдүүд цахим орчин болон үе тэнгийнхнээсээ бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой баталгаагүй мэдээ, мэдээллийг авч байна.
  • Эрүүл мэндийн боловсролын хичээлийг бага дунд сургуулиудын хичээлийн хөтөлбөрөөр дамжуулан ордог ч хичээлийн чанар муу байгаагаас өсвөр насныхны дунд бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх ойлголт, мэдлэг, мэдээлэл дутмаг, тусламж, үйлчилгээг хаанаас, хэнээс авахаа мэдэхгүй байх
  • Цахим орчинд өсвөр насны хүүхдүүд хараа хяналтгүй байдаг нь тэднийг бэлгийн болон хүйсэд суурилсан хүчирхийлэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж улмаар бэлгийн замаар дамжих халдвар, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөд хүргэдэг.
  • Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ асран хамгаалах, халамжлах үүргээ биелүүлэхгүй, хүүхдээ хараа хяналтгүй орхиж үл хайхрах хүчирхийлэл үзүүлэх
  • Эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч байгаа өсвөр насныханд жирэмслэхээс хамгаалах хүртээмжтэй, боломжит аргуудын талаар зөвлөдөггүй, тэдэнд сонголт хийх жирэмслэхээс сэргийлэх эм, эмнэлгийн хэрэгслийн сонголт хангалтгүй
  • Өсвөр насныхны өвөрмөц хэрэгцээнд тулгуурласан тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн хуний нөөц дутмаг, өрөө, кабинет орчин нөхцөл хангалтгүй
  • Орон нутагт болон дотуур байранд амьдардаг өсвөр насны охидын сарын тэмдгийн үеийн насны эрүүл ахуйн ахуйн шаардлагад нийцсэн байгууламжийн хомсдол, мөн анх удаа сарын тэмдэг нь ирж буй өсвөр насны охидын дунд энэ талын мэдлэг дутагдалтай байдаг.

Гэр бүлийн хэв маяг: Орчин үед гэр бүлийг бүтэц, хэв маяг, харилцааны олон талт онцлогоос нь хамааруулан ангилж байна.

Дан гэр бүл: 

Эцэг эх, тэдний халамжид буй хүүхдүүдээс бүрдэх гэр бүлийг дан гэр бүл гэж хэлнэ. Монгол Улсад дан гэр бүл 536.309, үүнээс хотод 339.917, хөдөөд 196.393 байна. Дан гэр бүл нийт гэр бүлийн 59.8 хувийг эзэлж байна. Тэдний гурван гэр бүл тутмын нэг нь санхүүгийн, таван гэр бүл тутмын нэг нь орон байрны асуудал юуны өмнө ихээр санаа зовоож байна хэмээн хариулсан байна. Харин удаах байранд гэр бүлийн гишүүдийн боловсролын асуудал оржээ.

Нийлмэл гэр бүл:

Гурав эсвэл түүнээс олон үеийнхэн нэгэн орон гэрт амьдардаг гэр бүлийг нийлмэл гэр бүл гэж нэрлэнэ.[1] Монгол Улсад нийлмэл гэр бүл нийт 203.317, үүний 161.388 нь хотод, 141.929 нь хөдөөд байна. Нийлмэл гэр бүл буюу эцэг, эх, ах дүүс, садан төрлөөрөө амьдарч байгаа өрхийн тоо хотод хөдөөгөөс 2 дахин их байгаа нь хотод суралцах болон бусад шалтгаанаар ирсэн хүмүүс нөлөөлж байгаа ч залуу гэр бүлүүд өөрийн орон гэргүй (56,8 хувь), бие даан амьдрах чадваргүйн (19,8 хувь) улмаас эцэг эхтэйгээ хамт амьдарч байгаа нь гол шалтгаан болж байна. Залуус өндөр настай эцэг, эхээ асрах шалтгаанаар нийлмэл гэр бүл бүрэлдэж байсан дүр зураг өөрчлөгдөж, эцэг эхийнхээ ивээлд амьдрах нь түгээмэл болж байна. Эдгээр гэр бүлд санхүүгийн ойлгомжгүй байдал, үзэл бодлын зөрүүтэй байдал, архидалт, ажилгүйдлээс үүдэлтэй мөн эцэг эх, садан төрөл зэргээс улбаалсан хэрүүл маргаан зөрчил, асуудал ихээхэн гардаг байна

Өрөөсгөл гэр бүл:

Эцэг, эхийн аль нэг нь хамт амьдардаггүй гэр бүлийг өрөөсгөл гэр бүл гэнэ.

Монгол Улсад өрөөсгөл 77.917 гэр бүл байгаа ба бидний судалгаанд хамрагдагсдын арав орчим (7.7 хувь нь өрөөсгөл, 3.2 хувь нь ганц бие) хувийг ийм гэр бүл эзэлж байсан юм. Өрөөсгөл гэр бүлд бэлбэсэн ба салсан гэр бүл адилхан хувь эзэлж байна. Өрөөсгөл гэр бүлийн дээрх хоёр хэлбэрт тулгамдаж буй асуудлын нийтлэг тал нь санхүүгийн хүндрэл юм. Гэр бүлээ цуцлуулсан хүмүүсийн хувьд тэр дундаа эмэгтэйчүүд сэтгэл санааны хүнд дарамтад ордог болох нь ажиглагдаж байна.

Залуу гэр бүл:

Залуу гэр бүлд 35 хүртэлх насны гэр бүл орно. Монгол Улсын нийт хүн амын 64.2 хувь буюу 2039 иргэн залуучуудын төлөөллийг бүрдүүлж байна. Залуу гэр бүлийн хувьд ажил эрхлэлт бага байдаг учраас ажилгүйдэл, орон байр, ар гэрийн байдал, зан чанарын ялгаатай байдал, амиа бодсон байдал, хүчирхийлэгч зан, өөр орчинд өссөн болохоор зан чанар орчны ялгаа, төлөвшөөгүй байдал, доромжилсон үйлдэл зэрэг бүх талаараа таарамжгүй байснаас зөрчил бий болдог.

Дунд насны гэр бүл:

Дунд насны гэр бүлд нөхөн үржихүйн үүргээс нийгэмшүүлэх үүрэг нь давамгайлах ба гэр бүлийн хосуудын нас 35-55, хүүхдүүд нь 10-25 настай байдаг. Залуу гэр бүлтэй харьцуулахад харьцангуй тогтвортой бөгөөд амьдралын мөчлөгийн хувьд тодорхой хугацаанд хамт амьдарсан гэр бүлүүд учраас гэр бүлийн харилцаатай холбоотой асуудлууд бага байдаг. Гэсэн хэдий ч энэ насныхны бие махбод, сэтгэл зүйн өөрчлөлт, нийгмийн олон өөрчлөлтүүд хавсарч нөлөөлдөг тул гэр бүлийн харилцаанд хэрүүл маргаан, хардалт, гэр бүлээ хууран мэхлэх, хүүхдүүдтэйгээ зөрчилдөх, амьдралын эргэлт хийх сонирхол зэрэг байдлаар илэрдэг байна.

Ахмад насны гэр бүл:

Ахмад настны гэр бүл залуучууд болон дунд насныхны гэр бүлээс нэлээд ялгаатай. Огт гэр бүл болоогүй ахмадууд цөөн бөгөөд бэлэвсэн ахмадын тоо нэлээд өндөр байдаг онцлогтой.

Ганцаардах, өвчин хуучтай болох, бие доройтох, асрамжид орох, сэтгэц муудах, найз нөхөдгүй болохоос айхын зэрэгцээ үр хүүхдүүдийнхээ төлөө байнга санаа зовдог. 2020 оны судалгааны дүнгээс үзэхэд, ахмад настнуудад эрүүл мэнд (18.4), санхүүгийн байдал (20.7), сэтгэл санааны байдал муу байх (10.7) нь хамгийн их хүндрэл бэрхшээл учруулж байдаг бөгөөд тэдний дийлэнх нь тэтгэвэр, тэтгэмжийн (58.3) мөнгөөрөө амьдарч, түүнийгээ ихэвчлэн өдөр тутмын хэрэглээ (28.7), эрүүл мэнд (20.4)-дээ зарцуулдаг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүл:

Нийгэмд идэвхтэй байр суурь эзэлдэг 20-49 насныхны хувьд гэр бүлийн хосууд хоёул хөгжлийн бэрхшээлтэй өрх 1782 байна. Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүлийн хувьд тулгуур эрхтний болон бусад бэрхшээлийн улмаас байнгын асаргаа шаардлагатай тохиолдолд зарим гишүүдийн ажил, хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарлах байдал бий болдог байна.

Улс дамнасан гэр бүл:

Гэр бүлд бий болж буй шинэ хэв маягуудын нэг нь улс дамнасан гэр бүл бөгөөд судалгаанд оролцсон 10 өрх тутмаас хэн нэг нь (эцэг эх, хүү охиных нь) аль нэг нь гадаадад амьдарч байгаа аж. Тэд суралцах (40,9 хувь), ажиллах (52,2 хувь) зорилго тавьж зорилгоо биелүүлсэн хэдий ч ихэнх нь “хууль ёсны бус буюу харлаж” амьдардаг байна.

Олон соёлт гэр бүл:          

Гадаад улсын иргэнтэй гэр бүл болох хэлбэрийг олон соёлт гэр бүл гэнэ. Монгол бүсгүйчүүд гадны иргэдтэй гэрлэж Америк, Австрали, өмнөд Америк, Хятад, Солонгос, Орос зэрэг дэлхийн олон оронд амьдарч байна. Мөн монгол хүнтэй гэр бүл болж монголд амьдарч буй гадны иргэд ч цөөнгүй болжээ. Соёлын ялгаатай байдал, хоёр өөр соёлын уламжлал, хэм хэмжээг зэрэгцүүлэн авч явах, түүнд дасан зохицох байдал нь энэ гэр бүлийн тулгамдсан асуудал болж байна.

Хамтран амьдрах хэлбэр:

Гэр бүл нь нийгмийн суурь институтийн нэг учраас хөгжлийн явцад тухайн нийгэмд гарч буй өөрчлөлтийг өөртөө шингээж, тусгал нь болж байдаг. Сүүлийн жилүүдэд манай нийгэмд ажиглагдаж буй гэр бүлийн нэг хэлбэр бол хамтран буюу гэрлэлтээ батлуулаагүй амьдрах явдал юм. Хамтран амьдрагчид өөрсдийн эдийн засгийн болон бие физиологийн хэрэгцээг хангах үүднээс ийм байдлаар амьдарч байгаа ч бие биеэ халамжлах, хоол унд хийх зэргээр гэр бүлийн зарим үүргийг гүйцэтгэдгээрээ гэрээт гэр бүлээс ялгаатай байна. Хамтран амьдрах хэлбэр нь эрх зүйн хувьд бүрэн чадамжгүй. Учир нь “Гэр бүлийн тухай” хуульд хамтран амьдрах хэлбэр, түүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг тусгаагүй

Хамтран амьдрах хэлбэр нь гэрлэлтийг албан ёсоор батлуулаагүй боловч гэр бүлийн харилцаанд үүсэх бүх төрлийн асуудал тулгардаг байна. Энэхүү хэлбэрийг манай улсад хуульчлаагүй нь уг хэлбэрийн гэр бүлийг хууль зүйн хувьд чадамжгүй байхад нөлөөлөх бөгөөд гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй аливаа маргааныг шийдвэрлэхэд хүндрэлтэй байна. Харин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хамтран амьдрагчтай холбоотой зохицуулалтыг тусгаж өгснөөр хамтран амьдрах гэр бүлийг тодорхой шаардлага хангасан тохиолдолд гэрлэлттэй адилтгах боломжтой болж байна.

Гэрээт гэр бүл:       

Энэ хэлбэр нь гэрлэлтийн гэрээ гэсэн ойлголтоос өөр утгатай хэрэглэгддэг.

Судалгааны дүнгээс харахад гэрээт гэр бүлийн хэлбэр түгээмэл тархаагүй ч (1.6%) нэгэнт үүсэн бий болсон нь тодорхой байна. Тухайлбал, кейс судалгааны мэдээллээс харахад талуудын нэг нь бэлгийн харилцааг чухалчилж байгаа бол нөгөө тал нь санхүүгийн дэмжлэгийг хүсэмжилдэг байна. Энэ үүднээс гэрээний хугацаанд хэн, ямар эрх үүрэгтэй байх талаар гэрээ байгуулж, зохих нөхцөлүүдийг тусгаж өгсөн байдаг. Тухайлбал, дундын өмчгүй байх, хүүхэдтэй болохгүй, бие биеэ мэхлэхгүй байх (өөр хүнтэй бэлгийн харилцаанд орохгүй), санхүүгийн тусламж үзүүлэх, хэн нэгнийхээ ажилд саад болохгүй, бие биеэ дарамтлахгүй, эрх чөлөөнд халдахгүй байх гэсэн нөхцөлүүдийг хоёр тал харилцан тохирч, хүлээн зөвшөөрсөн байдаг.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency