ДОРНОГОВЬ АЙМГААС БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХУЛГАЙЛЖ, АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООСОН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

2024-03-04

Прокурорын байгууллага 2024 оны 2 дугаар сарын 26-наас 3 дугаар сарын 01-ний өдрүүдэд 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 119, Өмчлөх эрхийн эсрэг 75, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 35, Хүрээлэн байгаа орчны эсрэг 14, Авлига, албан тушаалын 5, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Сонгинохайрхан дүүргийн дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.С нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэн Д.Э, У.Ц нарыг ажилд томилж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Иргэн Г.Г нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.А нь албан тушаалын байдлаа урвуулан, татвар төлөгч хуулийн этгээдүүдийн татварын зөрчлийг арилгах, тайланг засварлах зэрэг үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Говь-Алтай аймгийн прокурорын газраас Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Т.Г, ерөнхий инженер Б.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн өмчит компанийн хөрөнгийг бусдад худалдаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Дундговь аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Г, нягтлан С.Ц нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тухай тушаал гаргаж,  хийгдээгүй ажилд төсвийн хөрөнгөөс мөнгө гаргуулан давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Архангай аймгийн прокурорын газраас тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга А.А нь иргэн Ч.У-г гэрээт ажилтнаар томилж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авч, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency