Метрогоор зорчих төлбөр 1000 төгрөг байхаар тооцоолжээ

2024-02-29

Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарласан.

Тендерийг сонгон шалгаруулж дуусмагц энэ оны есдүгээр сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор метроны техникийн үзүүлэлтийн талаар танилцуулсан байна. Тасалбарын үнийг 1000 төгрөг байвал ашигтай байх тооцоо гарчээ.

Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугам нь Сонсголонгийн уулзвараас Амгалан зах хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийгдэх юм. Метроны шугам 14 буудалтай, буудал хоорондын дундаж зай 1.3 км байна. Мөн нийт аяллын хугацаа 27 минут, дундаж хурд 39.2 км бөгөөд 17 мянга хүртэлх хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөөд буй.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.9 сая орчим зорчих хөдөлгөөн хийдэг. Масс тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр уг 2.9 сая зорчих хөдөлгөөний 40 орчим хувь нь метро руу шилжинэ гэсэн тооцоо гарсан байна.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency