“Хөвсгөл Эрчим” хоёр жил дараалан лигийн аварга боллоо

2024-01-22

Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг дээд лигийн тэмцээний медалийн төлөөх цуврал тоглолтууд өчигдөр “Степп Арена” боллоо. Тус ордонд өчигдөр 5000 гаруй үзэгч цугларч, дүүрсэн байлаа.

Монголын волейболын дээд лигийн эмэгтэйчүүдийн төрөлд “Хөвсгөл Эрчим” түрүүлж, аваргаа хамгааллаа. Тэд өнгөрсөн жил “Улаанбаатар финикс”-ийг хожиж түрүүлж байв. Харин энэ удаа “Хилчин”-ийг финалын цувралд 3:0-ээр буулган авснаар хоёр дараалан аваргын цом өргөх эрхтэй болж байна. Цувралын гурав дахь тоглолтын шилдгээр Хечаварриа шалгарсан бөгөөд тэрбээр 16 оноо авчээ. Түүнчлэн Г.Хонгорзул, Г.Цэцэгжаргал нар шилдэг тоглолтоо үзүүлсний ачаар “Эрчим”-ийнхэн финалын цувралыг гуравхан тоглолтоор шийдэж чадав.

Тэгвэл эрэгтэйчүүдийн ангилалд алтан медалийн төлөө өрсөлдөж буй “Говь Шанх Транс” гурав дахь цувралд “Натур Мед Толун”-ыг 3:2-оор буулган авлаа. Ингэснээр цувралыг 2:1 болгож ойртуулах нь тэр. Энэ тоглолтод “Шанх Транс”-ын лидер Б.Батсуурь онцгой байсан бөгөөд тэрбээр 32 оноо авч талбайд гарсан бүх тоглогчийг тэргүүлжээ.

Харин хүрэл медалийн төлөөх эрэгтэй, эмэгтэй ангиллын цувралд “Тэнүүн Огоо”-гийн залуус илүүрхэв. Эрэгтэйчүүд “Хасу Мегастарс”-ыг 3:2-оор хожиход Виктрович 31 оноо авсан бол эмэгтэйчүүд “Ховд Ижил Алтайн барс”-ыг 3:1-ээр буулган авахад Мармолия Чала 28 оноогоор багтаа тус хүргэжээ. “Тэнүүн Огоо”-гийн хоёр баг ялалт байгуулснаар цувралыг 2:1-ээр тэргүүлж эхэллээ. Тэд одоо нэг хожиход л эрэгтэй, эмэгтэй багаараа хүрэл медаль зүүх юм.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency