“Баавгай болохсон” УСК өнөөдөр нээлтээ хийнэ

2024-01-12

“Баавгай болохсон” УСК-ны нээлт өнөөдөр буюу 1-р сарын 12-ны өдөр болж, бүх кино театруудаар гарч эхэллээ.

“Баавгай болохсон” УСК нь Монгол улсаа төлөөлж 2023 онд Каннын кино наадамд оролцсон анхны киногоор барахгүй Сан Паулогийн кино наадмаас шагнал хүртсэн, олон улсын кино шүүмжлэлийн IMDB сайтаас 7,4 гэсэн үнэлгээг авсан уран бүтээл юм.

Нэрнээсээ л сонирхол татаж эхлэх энэхүү киног магадгүй хүүхдийн кино хэмээн бодож байвал өнгөц хэрэг болно.Киноны үйл явдлаас дурдвал Өлзий физикийн хичээлдээ сонирхолтой бөгөөд улсын олимпиадад түрүүлж, тэтгэлэг авахыг зорино. Гэтэл ээж нь ажил хийхээр хүүхдүүдээ орхин хөдөө явснаар Өлзий дүү нараа харах үүрэгтэй үлдэнэ. Хичээлдээ шамдахын сацуу эрсдэлтэй ажил эрхлэн, түлэх нүүрсний мөнгөө олж, хүйтэн өвлийг мэнд давах амаргүй сорилт түүнд тулгарна.

Монгол орны өвөл хахир хатууг ч хэлэх үү, гэрт ч гадаа ч суунаглаж байдаг утааны гашууныг ч хэлэх үү, гэр хорооллын дүнсгэр мөстсөн гудмаар түлээ усаа зөөхийн хэцүүг ч хэлэх үү Монголын өвлийн тухай бодохын төдийд л өвөлжин ичиж, зун гарч ирдэг баавгайд атаархмаар.

“Баавгай болохсон” кинонд хүүхдийн гэнэн хүслийг харуулсан мэт, гэвч хүүхэд өвлөөс халширч ингэж мөрөөдөхийн учир юу билээ ? Хотын төвөөс 5 км-ийн зайд хүйтэн гэрт сэрж, өглөөний жаварт мод хагалж нүүрсээ зөөх хүүхдүүдээ бид мартсан уу ? Тэдний боловсрол хотын төвийн 2-3 хэлтэй хүүхдүүдийнхтэй ижил хэмжээнд байж чадах уу ? Ирээдүйд тэд нэг цаг үед амьдарч, нэг нийгмийг цогцлооно. Боловсролын тэгш бус хүртээл, амьдрах орчны хэцүү бэрх байдал, өвлийг давах гэж 100 жилийн өмнөх шигээ “зүдэрдэг”, энэ байдалд хүүхдүүдээ байлгасаар байх уу ?

Энэ бүх асуулт, асуултын хариулт “Баавгай болохсон” УСК-нд багтжээ.

 

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency