Төр, шашныг хослуулан баригч Нарангэрэлт, Түмэн наст VIII Богд Жавзандамба хутагт
1911 он буюу Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын манлай зүтгэлтэн бол VIII Богд Жавзандамба хутагт юм.Түүнийг хоёр настайд нь Ар Монголын шарын шашны тэргүүн Жавзандамба хутагтын VIII дүрээр тодруулж, 1874 онд Лхасаас Их Хүрээнээ залж Богд гэгээний сэнтийд өргөмжилжээ.VIII Богд Жавзандамба Агваанлувсанчойжинямданзанванчигбалсамбуу 1869 оны аравдугаар сарын 13-нд Түвдийн Лхасын ойролцоо төрж, 1924 оны тавдугаар сарын 20-нд Нийслэл хүрээнд тэнгэрт хальсан.
Богд Жавзандамба хутагт XIX, XX зууны зааг үеэс Монгол орныхоо тусгаар тогтнолын төлөө санаа тавих болсон бөгөөд 1900 онд Да лам Бадамдорж нарыг Петербургт илгээж, 1905 онд Хүрээнээ ирсэн Далай ламтай уулзахдаа Монгол, Төвөд хоёр хүчээ нэгтгэн тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх санаа сэдэл гаргаж байсан мэдээ байдаг.
1911 оны намраас Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нарын хүмүүс Монголын тусгаар тогтнолыг сэргээх тухай Богд гэгээнтэй зөвлөн хэлэлцэж, улмаар түүний удирдлага заавраар тусгаар тогтнолын тэмцлийг эрчимжүүлэн, Халхын Хүрээний Бүх хэргийг Түр Ерөнхийлөн Шийтгэх газрыг байгуулж, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялалтанд хүргэв. 1911 оны 12 дугаар сарын 29-нд Богд гэгээнийг Монгол Улсын эзэн хааны ширээнээ залж, тусгаар тогтнолоо тунхаглан төрийн их ёслолыг явуулсан билээ.
Дотоод Яамны хэргийг Бүгд Захиран Шийтгэгч яамны тэргүүн сайд Да лам Гомбын Цэрэнчимэд
Гомбын Цэрэнчимэд нь 1872 онд Их Шавьд төржээ.Тэр бол Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө, Манжийн дарлалын эсрэг тууштай тэмцэгч, Богд Хаант Монгол Улсыг үүсгэн байгуулагч гол удирдагчдын нэг, Монгол улсын шадар сайд, бүгд захирах сайд, Дотоод Яамны хэргийг Бүгд Захиран Шийтгэгч яамны тэргүүн сайд Да лам Гомбын Цэрэнчимэд юм.Цэрэнчимэд хэдийгээр язгуур угсаагүй боловч Богд хаантай дотно харилцаатай, шадар сайд болж эрх мэдэлд хүрч байжээ. Шашны мяндагтан байсан хэдий ч шашны болон язгууртны дангаар ноёрхох бодлогыг эсэргүүцдэг байв.1914 онд түүнийг баруун хязгаарыг тохинуулах сайдаар томилж Нийслэл Хүрээнээс холдуулсан бөгөөд замдаа 5-р сарын 7-нд сэжиг бүхий байдлаар нас баржээ.
Монгол Улсын анхны Гадаад харилцааны сайд Чин ван М.Ханддорж
Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө, Манжийн дарлалын эсрэг тууштай тэмцэгч, Богд хаант Монгол Улсыг үүсгэн байгуулагч гол удирдагчийн нэг, Монголын дипломат албыг үүсгэн байгуулагч Эрдэнэ дайчин чин ван Минжиддоржийн Ханддорж Эрдэнэ чин ван Цэрэндоржийн хүү гүн Минжиддоржийн гэр бүлд 1869 он буюу шарагчин могой жилд төрсөн. Ханддорж ван нь Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз жалайрын хунтайжийн шууд удмын алтан урагийн сурвалжит хүн.Түүхэнд тэр гарамгай зүтгэлэн мөн хүүгээ харамсалтайгаар алдсан эцгийн дүрээр мөнхөржээ.
Түүний хүүдээ зориулсан “Ай нанаа” хэмээх эцгийн хүний гуниг харууслаас төрсөн
Зүүн уулын зэрэглээ байнаа хө, ай Нанаа минь ээ
Зүглээд очсон чинь үгүй л байна аа хө
Зүүд нойрон дундаа хоёулаа байна аа хө, ай Нанаа минь ээ
Зүүдлээд сэрсэн чинь ганцаараа байна аа хө
Урд уулын зэрэглээ байна аа хө, ай Нанаа минь ээ… хэмээх энэ дуу хожим нь ардын дуу болсон. Энэ дуу бүтсэний түүхийг сөхвөл 1905 онд Чин ван М.Ханддорж XIII Далай ламыг хүрээндээ урьж, өвөлжүүлсэн. Энэ үед түүний хүү Далай ламд шавь орсноор номын хүмүүсийн ёсоор XIII Далай ламыг дагаж эрдэм үзэхийг хүү нь эцгээсээ хүссэн байна. Далай лам 16 настай хүүг нь дагуулан явахдаа Бээжинд Манжийн хаанд бараалхсан аж. Гэтэл Манжийн хаан Чин ван М.Ханддоржийн хүүг зөвхөн ихэс дээдэс морилж зорчих ёстой замаар зорчлоо хэмээн шалтаг гаргаж, цаазаар авчээ.
Түүгээр зогсохгүй Манжийн хаан Чин ван Ханддоржид элч илгээн төрийн хэргээр ордондоо дуудсан бөгөөд ирсэн өдөр нь зоог барьж “хүндлэл” үзүүлэхдээ цар тавагтай, хадгаар бүтээсэн зоогт хонины толгой бус хүүгийнх нь толгойг тавьсан байжээ. Чин ван М.Ханддорж “Надад зориулсан үүц биш та нарын үүц байж” хэмээн хүүгийнхээ толгойг өвөртлөөд, гашуудал үйлдэн гарч оджээ. Тэрээр цагаан хэрмийн наана дагуул хүмүүсийнхээ хамтаар гарч ирээд “Жанч хүүгийн даваанаас хойш хятад шаахай, марал илжигний мөр үлдээхгүй болтол үзэлцэнэ” хэмээн өшөөгөө авахаа тангараглажээ.
Чин Ван Ханддорж 1915 онд Богдын ордонд болсон дайллагаас гарч яваад Дунд голын мөсөн дээр бусдад хорлогдон амиа алджээ.
Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газар буюу Түр засгийн газрын дарга Түшээ гүн Г.Чагдаржав
Манж Чин улсын дарлалаас ангижирч, тусгаар улсаа байгуулахаар эвлэлдэн нэгдсэн Монголын ихэс дээдэс, хутагт хувилгаад 1911 оны намар Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газар буюу Түр засгийн газар байгуулж даргаар нь Түшээ гүн Г.Чагдаржавыг томилсон байна. Г.Чагдаржав 1869 оны орчим Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт Засаг түшээ гүн Гааданбал ноёны хүү болон төржээ. 1897 онд эцгээсээ угсаа залгамжлан Засаг түшээ гүн хэргэмийг өвлөн хошуу ноён болсон. 1900 оноос Түшээт хан аймгийн чуулганы дэд дарга, 1909 оноос чуулганы дарга болжээ.
1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг санаачлан нууцаар удирдан зохицуулагч гол зургаан хүний нэг нь Чагдаржав байв. Тиймээс Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсыг тунхаглан, төрийн яамдыг байгуулахад Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэх яамны анхны тэргүүн сайдаар Чагдаржав томилогджээ. Түшээт ван шалтгаан тодорхойгүй өвчилж байгаад 1915 оны долдугаар сарын 16-нд нас нөгчсөн байна.
Монгол Улсын анхы Ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэн
Сайн ноён хан Намнансүрэн хэмээн ардын дунд нэрлэгдсэн Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэн нь 1878 оны 2-р сард мэндэлжээ.1911 оны хавар Манжаас тусгаарлах Халхын 4 ханы нэрээр Оросын Хаант Улсаас тусламж гуйх бичигт гарын үсгээ зурсан бөгөөд тусгаар тогтносны дараа засгийн газар бүрдүүлэхэд шадар сайдаар томилогдсон байна. 1912 оны 7 сард Бүгд Ерөнхийлөн захирах сайдын тушаал бий болгож Богд хаант тусгаар Монгол Улсын Засгийн газрын анхны Ерөнхий сайдаар Сайн ноён хан Намнансүрэн томилогджээ. 1913 оны сүүл 1914 оны эхээр Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид Хаант Орост айлчилсан. Тэрээр 1919 оны 4 сард таалал болтлоо Монгол Улсын Ерөнхий сайдаар 7 жил ажилласан.
1918 оны 8 сард Хятадын цэрэг Нийслэл хүрээнд орж, 1919 оны сүүлээр Нийслэл хүрээг эзлэсэн байна. 1919 оны 4 сард Сайн ноён хан Намнансүрэн мөн газар хорлогдон 41 насандаа нас баржээ.
Түүний Их хатан Магсар, хоёр хүү нь багадаа эндэж, Авидгэрэл /Авьдынгэрэл/ хүүг өргөж авчээ.
Манлайбаатар Жамсрангийн Дамдинсүрэн
анлайбаатар Жамсрангийн Дамдинсүрэн 1871 оны гуравдугаар сарын 13-нд төрсөн. Хөлөнбуйр нутгийн уугуул барга монгол хүн бөгөөд Шинэ баргын Шулуун цагаан хошууны суман занги байв. Тэрээр Богд хаант Монгол улсын цэргийн жанжин, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч байв.
1911 онд Богд хаант Монгол Улсад нэгдэхээр баргуудыг толгойлон Нийслэл Хүрээнд ирснээр Богд хаанд сайшаагдан Гадаад яамны дэд сайдаар томилогдсон. 1912 онд Ховдын байлдаанд Дамдинсүрэнгээр удирдуулсан цэрэг ялалт байгуулсныг хөхүүлэн Богд хааны зарлигаар түүнийг үе улиран залгамжлах засаг төрийн бэйл, цэргийн жанжин, Манлайбаатар цолоор шагнасан. 1913 оны Өвөрмонголыг чөлөөлөх Таван замын байлдааныг ерөнхийд нь удирдсан ерөнхий командлагч жанжин нь Дамдинсүрэн байжээ.
Хятадууд 1920 оны есдүгээр сарын 11-нд түүнийг баривчлан, хатуу чанга эрүү шүүлт, хүнд бэрх нөхцөлд 107 хоног хорьсны эцэст Манлайбаатар Дамдинсүрэн 1921 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр “Би эдний дэргэд яавч хэвтээгээрээ үхэхгүй” хэмээн өгүүлж босоогоороо амьсгал хураажээ. Тэрээр “Төр улсын хэргийг амьд хүмүүн хөдөлгөдөг аваас тогтсон суурь ану амь бие хайр үгүй зүтгэж, үхэж үрэгдэгсдийн яс чөмгөн дээр тогтдог” хэмээн айлдан гэрээсэлсэн байдаг.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй