Сүнсний баяр буюу Халлүвээн 2,000 жилийн өмнөөс гаралтай бөгөөд эртний Самхайчууд 11-р сарын 1-нд шинэ жилээ тэмдэглэдэг байсан нь уг баярын үүсэл гэж үздэг. Харин одоо үед Америк, Ирланд, Англи, Францчууд сүнсний баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг байна.
1. Халловийний баяр нь 2000 гаруй жилийн өмнө амьдарч байсан Кельтүүдийн үеийн “Samhain” гэх зан үйлээс үүдэлтэй. Кельтүүд өвөл эхлэхээс өмнө элдэв муу ёрын сүнс, буг чөтгөр, ороолонгууд гарч ирдэг гэж итгэн, тэнэмэл сүнснүүдийг зайлуулахын тулд аравдугаар сарын 31-нд галын наадам хийдэг байжээ. Тухайн ёслолыг “Samhain” гэж нэрлэдэг бөгөөд муу ёрын сүнснүүдэд танигдахгүйн тулд янз янзын баг, хувцас зэргийг өмсдөг байжээ.
2. VIII-р зууны үед Пап лам Грегори арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг “Бүх гэгээнтнийг шүтэх өдөр” хэмээн тунхаглаж байсан бөгөөд тухайн үед уг баярыг Католик шашны лам хуврагуудын зан үйлийн хэмжээнд тэмдэглэдэг байв. Цаашлаад X-XI зууны үеэс энэхүү өдөр нь ард түмний дунд өргөн дэлгэрч, баяр ёслолын хэмжээнд тэмдэглэгдэх болсон.
3. Halloween гэдэг нэр нь “Бүгдэд нь үдшийн мэнд” буюу “All Hallows Eve” хэмээх үгээс гаралтай.
4. Сүнсний баярын гол онцлог нь дэлхийгээр нэг хэрэн тэнүүчилж буй сүнснүүдийг хооллож, тэднийг чанга дуу чимээ, хурц галаар хөөж явуулах юм. Хүмүүс уг зан үйлийг үйлдэхдээ сүнсэнд танигдахгүйн тулд янз бүрийн хувцас, аймшгийн баг хэрэгсэл зүүн зүсээ хувилгадаг байна.
5. Сүнсний баяраар гэрэл гэгээ харанхуйг ялна гэсэн утгаар улбар шар өнгийг бэлгэ тэмдэг болгон ашигладаг байна.
6. Сүнсний баярын гол уламжлал бол хулуун дэнлүү буюу Jack O’Lantern юм. Энэ нь буг чөтгөрийг хөөн зайлуулдаг гэж үздэг бөгөөд үүний талаар улс орон бүрд янз бүрийн домог яриа байдаг ч хамгийн түгээмэл нь чөтгөрийг хуурсан овжин Жэкийн талаарх домог юм. Тэрээр там эсвэл диваажингийн алинд ч амьдрах эрхгүй хүн байсан гэх бөгөөд дэлхийгээр хэрэн хэсүүчлэх шийтгэл хүлээж элдвийн муу бүхнийг замаасаа зайлуулахын тулд дэнлүүгээрээ даллаж явах болсон гэдэг. Түүний дэнлүүнээс чөтгөрүүд айн зугтдаг байжээ. Ийн хулуун дэнлүүг түүний нэрээр нэрлэх болжээ. Баттай бус хэдий ч хулуун дэнлүүний түүх 1600-аад оны Англичуудаас гаралтай гэж үздэг.
7. Хүмүүс сүнсний баяраар Дракула, Мумми, Хүн чоно зэрэг Америк зохиолчдын зохиосон алдартай баатруудын дүрд ихэвчлэн хувирдаг.
8. Сүнсний баярын үеэр чөтгөр шулмасын дүрд хувирсан хүүхдүүд хөрш зэргэлдээх айлуудаараа хэсдэг. Тэд гэрийн эзнийг хаалга онгойлгомогц “Trick or Treat” буюу “Хуурах уу? Дайлах уу?” гэж хэлээд чихэр авцгаадаг байна. Ёс заншлын дагуу ийнхүү хаалга тогшиж буй хүүхдүүдийг баярлуулж, чихэр өгөхгүй бол муу зүйл тохиолдоно гэж үздэг байна.
9. Англичууд сүнсний баярын үеэр аалз харвал энэ нь тухайн хүнийг сүнс дагаж явдгийн илэрхийлэл гэж боддог байна.
10. Германчууд Сүнсний баяраар бүх хутга мэсээ нууж тавьдаг заншилтай. Ингэснээр шөнийн цагаар тэнүүчилж буй сүнснүүд гэр бүлийн гишүүд рүү дайрахаас сэргийлдэг гэж үздэг байна.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
1 сэтгэгдэлтэй