АНУ-ын зэвсэгт хүчин өнөөдөр өглөө Ойрх Дорнод дахь цэргийн баазуудад нь халдсаны хариуд Сири улсын зүүн хязгаарт агаараас довтолжээ.
Өндөр нарийвчлалтай зэвсгээр гүйцэтгэсэн агаарын цохилт нь Ирак, Сири дэх АНУ-ын иргэдийг хамгаалах зорилготойгоор Иран болон түүний холбоотнуудын ашигладаг байгууламжуудад чиглэж байсныг Пентагон тайлбарласан байна.
“АНУ-ын зэвсэгт хүчний эсрэг Ираны дэмжлэгтэй явуулсан аливаа халдагыг бид тэвчихгүй, таслан зогсоох болно. Ираны дэглэм манай хүн хүчний эсрэг халдлага явуулснаа үгүйсгэж, гар бие оролцсоноо нуухыг оролдож байна. Бид ингэхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж Пентагоны тэргүүн Ллойд Остин мэдэгджээ.
Уг ажиллагаа нь Хамас-Израилийн мөргөлдөөнтэй хамаагүй, тусдаа үйл явдал болохыг тэр баталсан байна.
Өнөөдрийн цохилт нь сүүлийн өдрүүдэд Ирак, Сири дэх АНУ-ын цэргийн баазуудад гарсан дроны болон пуужингийн халдлагуудын эсрэг хариу арга хэмжээ гэнэ.
Дээрх халдлагуудын үеэр АНУ-ын 21 цэргийн алба хаагч хөнгөн шархадсан бол хоргодох байранд байсан гэрээт байгууллагын нэг ажилтан зүрхний асуудлаас үүдэлтэй нас барсан юм байна.
Хамас-Израилийн дайн эхэлснээс хойш Ирак дахь АНУ-ын болон холбоотнуудын цэргийн баазууд 12 удаа, Сири дэх баазууд дөрвөн удаа халдлагад өртжээ.
Эдгээрийг Ираны дэмждэг зэвсэг бүлэглэлүүд үйлдсэн гэж Пентагон үзэж байна.
Тегераны эрх баригчид дэмжиж санхүүжүүлдэг зэвсэгт бүлэглэлүүд Ойрх Дорнодод олон байдаг. Тэдгээрийн дотор Палестины Хамас, Ливаны Хезболлах зэвсэгт бүлэглэлүүд багтдаг юм.
Одоо АНУ-ын 900 цэрэг Сирид, 2,500 цэрэг Иракт байрлаж байна.
Өчигдөр Пентагон нэмэлт 900 цэргийг Ойрх Дорнодод илгээх шийдвэр гаргасан юм.
Эх сурвалж: BBC
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй