Израилийн эрх баригчид Хамас зэвсэгт байгууллагыг ор үндэсгүй устгахаа амлаж байгаа ч энэ дайны дараа Газын зурвасын хувь заяаг хэрхэх талаар тодорхой байр суурь илэрхийлэхгүй байна.
“Нэг зүйл тодорхой: Энэ дайны дараа Газын зурвасыг Хамас захирахаа болино” гэж тус улсын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Эйлон Леви өчигдөр мэдэгджээ.
Аравдугаар сарын 7-ны өдөр Палестины исламист хөдөлгөөн Хамасын дайчид Израилийн нутаг дэвсгэрт гэнэдүүлэн халдахдаа 1,400 орчим хүний амийг бүрэлгэсэн юм.
Үүний дараа Израилийн засгийн газрын тавьсан ганц зорилт нь “Хамасыг устгах” болоод байна.
Өнгөрсөн хугацаанд тус улсын арми Палестины газар нутгийн нэг хэсэг болох Газын зурвасыг агаараас тасралтгүй бөмбөгдсөний улмаас алагдсан хүний тоо 5,000 даваад байгаа.
Удахгүй хуурай замаар байлдааны ажиллагаа эхлүүлэхээ анхааруулсаар байна.
2.3 сая хүн амтай Газын зурваст дэгдсэн иргэний дайны үр дүнд 2007 онд Хамас засгийн эрхийг авч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Фатах хөдөлгөөний засаг захиргаа палестинчуудын өөр нэг газар нутаг болох Баруун Эрэгт
төвлөрч үлдсэн юм.
Өнгөрсөн хугацаанд Израилийн арми 2008, 2012, 2014, 2021 онуудад дөрвөн удаа Хамастай дайтаж байсан ч хэзээ ч бүрмөсөн устгах зорилго тавьж байгаагүй.
Израиль улс Хамасын засаглал тогтохоос өмнө буюу 2005 онд Газын зурвасаас цэргээ болон шилжин суурьшсан иргэдээ гаргаж байжээ.
Гэхдээ өнгөрсөн хугацаанд энэ нутаг дэвсгэрийн хүн амын эрчим хүч, хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг Израиль улс хариуцаж байлаа.
Харин энэ дайны дараа уг үүрэг хариуцлагаасаа татгалзах нь тодорхой болжээ.
Саяхан Израилийн батлан хамгаалахын сайд Йоав Галант дайны “гурав дахь үе шатанд” тус улс Газын зурвасын хүн ардын амь амьдралыг хариуцахаа больж, палестинчууд аюулгүй байдлын шинэ бодит байдалтай нүүр тулах тухай мэдэгдсэн байна.
Ерөнхийдөө Израиль улс Газын зурвасын “түлхүүрийг гуравдагч этгээдэд шилжүүлэх” төлөвлөгөөтэй байгааг тус улсын гадаад хэргийн яамны нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ.
Газын зурвасын ирээдүйг шийдвэрлэхэд Вашингтон голлох үүрэгтэй оролцох ёстойг Иерусалимын Бегин-Садат стратеги судлалын хүрээлэнгийн захирал Эйтан Шамир хэлж байна.
“Америкчууд болон Израильчуудын нэн тэргүүний сонголт нь Саудын Арабын санхүүжилтээр Палестины засаг захиргааг олон улсын бүтэцтэй байгуулах хувилбар байж болох юм” гэж Шамир ярьжээ.
АНУ-ын засаг захиргаа одоогоор Газын зурвасын ирээдүйн талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй байгаа.
Ням гарагт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Хамасыг дахин ингэж чадахгүй болгохын зэрэгцээ Газын зурвас дахь Израилийн засаглалаас татгалзахгүй байх ямар нэг шийдэл олох хэрэгтэй байна. Одоогоор Израиль улс аюул заналтай тулгараад байгаа ч дараа нь яах талаар олон янзын санаанууд яригдаж байгаа” гэж ярьжээ.
Израилийн гадаад хэргийн яамны эх сурвалж Египет улс Газын зурвасын дараагийн хариуцагч байх боломжтойг дурдсан байна.
Гэхдээ Кайрын эрх баригчид олон арван жилийн турш энэ үүргээс зайлсхийсээр ирсэн түүхтэй.
Египет, Йордан улсууд Палестины дүрвэгчид улс оронд нь орж ирэхээс ихэд болгоомжилж байгаа.
Израилийн сөрөг хүчний тэргүүн Яйр Лапидын дэмжиж байгаа нэг хувилбар нь Газын зурвасыг Махмуд Аббасын Палестины засаг захиргаанд шилжүүлж өгөх юм.
Баруун Эргийг хяналтдаа байлгадаг Аббасын засаг захиргаа Израилийн эрх баригчидтай хамтарч ажилласаар ирсэн түүхтэй ч энэ дайны улмаас палестинчуудын дунд нэр хүнд нь эрс унаад байгаа.
Энэ хувилбар хэрэгжих боломжтой ч “Баруун Эрэг, Газын зурвас хоёрыг нэг засаг захиргаан дор шилжүүлэх сонирхол Израилийн эрх баригчдад байгаа эсэх нь эргэлзээтэй” гэж International Crisis Group стратегийн судалгааны байгууллага дүгнэсэн байна.
Эх сурвалж: AFP
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй