Ням гарагт Израилийн армийн байлдааны онгоцнууд Газын зурвасын олон хэсэгт цохилт өгснөөс гадна Сирийн хоёр гол нисэх буудал, зэвсэгт этгээдүүд үүрлэж байж болзошгүй Йордан голын баруун эргийн нэг сүмд цохилт өгчээ.
Үүнээс гадна дайн эхэлснээс хойш Израилийн арми Ливаны нутагт байрлаж буй Хезболлах зэвсэгт бүлэглэлтэй байнга буудалцаж байгаа.
Энэ бүхнээс харвал 16 хоногийн өмнө эхэлсэн Хамас-Израилийн дайн олон фронтоор өргөжиж болзошгүй эрсдэлтэй байна.
Өчигдөр хойд хил дээрээ байрлаж буй цэргүүдтэй уулзахдаа Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Хэрвээ Хезболлах дайн өдөөвөл энэ нь тэдний амьдралдаа гаргасан хамгийн том алдаа байх болно. Бид тэднийг хэзээ ч төсөөлж байгаагүй их хүчээр няц дарж, үр дагаварт нь Ливаны төр улс сүйрэх болно” гэж хэлжээ.
Одоо Израилийн арми Газын зурваст хуурай замын байлдааны ажиллагаа явуулахаар бэлдэж байгаа.
Өчигдөр Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч Даниэл Хагарти мэдэгдэлдээ дайны дараагийн үе шатанд оролцох цэргүүдийн аюул эрсдэлийг бууруулахын тулд Газын зурваст агаарын цохилтоо эрчимжүүлж байгааг ярьсан байна.
Өмнөд Газын Хан Юнис орчимд Израилийн армийн нэг танк, хоёр бульдозерыг устгаснаа Хамасын албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.
Газын зурвасын хил дотор барьцааны хүмүүсийг аврах ажиллагааны үеэр танк эсэргүүцэгчийн цохилтод нэг цэрэг алагдаж, гурван цэрэг шархадсан тухай Хагарти дээрх мэдэгдлийн мөрөөр тодруулахад хариулсан юм.
Ийнхүү мөргөлдөөн эрчимжихтэй зэрэгцэн Египетийн хилээр Газын зурваст тусламжийн ачаа бараа нэвтэрч эхлээд байна.
Бямба гарагт эхний 20 автомашинтай тусламжийн ачаа нэвтэрсэн бол Ням гарагт нэмж 14 автомашин нэвтрүүлэхээр талууд тохиролцжээ.
Гэхдээ эдгээр тусламжийн ачаанд зөвхөн хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл байгаа бөгөөд түлш шатахуун оруулахгүй байна.
Эрчим хүчний эх үүсвэргүй болсон Газын зурвасын эмнэлгүүд маш хүнд байдалд байгаа гэсэн мэдээлэл бий.
Тэдний ихэнх нь зөөврийн генератор ашиглан үйл ажиллагаагаа явуулж байгаа ч түлшний нөөц нь шавхагдаж байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага одоо Газын зурваст дутуу төрсөн 130 нярайн инкубатор цахилгаан хангамжгүйн улмаас зогсоход ойрхон болсныг мэдээлжээ.
Аравдугаар сарын 7-ны өдөр эхэлсэн дайны улмаас Израилийн талд 1,400 гаруй хүн алагдсан бол Газын зурваст 4,600 гаруй хүн амь үрэгдээд байна.
Эх сурвалж: Associated Press
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй