“Суваг-1 тусгай ажиллагааны үеэр 2,600 тун буюу их хэмжээний хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлсэн”

2023-10-20

Улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх хэрэг зөрчилтэй тэмцэх чиглэлээр тусгайлсан чиг үүргийн байгууллагууд хамтран ажиллаж эхэлжээ.

Тухайлбал Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран улсын хилээр хууль бусаар хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлж болзошгүй сувгуудыг олж тодорхойлох, хяналтад авах Суваг-1 тусгай ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Хамтарсан байгууллагуудын тусгай ажиллагааны үеэр хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 10 гаруй хууль бус үйлдлийг таслан зогсоосон байна.

Тодруулбал Суваг-1 ажиллагааны үеэр 2,600 тун буюу  их хэмжээний хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэн, хурааж авчээ.

Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй хил дамнасан гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд гаалийн байгууллага бусад хууль сахиулах байгууллагатай хамтарч тэмцэх нь гэмт хэргийн эзэн холбогдогчийг бүрэн олж тогтооход илүү үр дүнтэй гэж үзжээ.

Үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхи мансууруулах бодис, түүх соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар нэвтрүүлэх зөрчлийг таслан зогсоох зорилгоор хөрш орны болон бусад улсын хүчний байгууллагатай мэдээлэл солилцох, хамтран ажиллах  зорилго бүхий тусгайлсан арга хэмжээг Монгол Улсын бүх хилийн боомт, 18 гаалийн газар, хороодын хилийн болон гүний гаалийн байгууллагын нийт гаалийн хяналтын бүс, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт үе шаттай зохион байгуулах гэнэ.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency