Б.Чинзориг: Допингийн эсрэг дүрмийн зөрчил илэрснийг сонсоод шоконд орсон. Арбитрын шүүхэд хандаж байна

2023-10-20

“Ханжоу 2022” Азийн наадмын эрэгтэй боксын 63.5 кг жинд аваргын алтан медаль хүртсэн Б.Чинзоригийн А сорьцоос допингийн төрлийн бодис илэрсэн талаар Олон улсын шинжилгээний агентлагаас мэдээлээд буй.

Тэрбээр энэ талаар сонсоод шоконд орсон бөгөөд Арбитрын шүүхэд хандсан тухайгаа ярьжээ.

Б.Чинзориг “2005 оноос хойш боксын спортоор 18 дахь жилдээ хичээллэж байна. Энэ жил Узбекистанд болсон ДАШТ-ээс мөнгөн медаль авсан. Хамгийн том зорилго Парисын олимп.

Энэ сард БНХАУ-д болсон “Ханжоу 2022″ Азийн наадмын үеэр миний өгсөн шинжилгээнээс допингийн эсрэг дүрмийн зөрчил илэрсэнтэй холбогдуулан энэхүү бичлэгийг хийж байна. Анх энэ тухай мэдээг сонсоод шоконд орж, хэд хоног сэтгэл санаа хүнд, тогтворгүй байлаа.

Миний хувьд дэлхийн Допингийн эсрэг агентлагаас баталсан тамирчны эрхээ хамгаалах дүрмийн дөрөвдүгээр бүлэгт заасны дагуу уг хэргийг хянан шийдвэрлэх болон өмгөөлөгч авах хүсэлт тус байгууллагад тавьсан. Өөрөөр хэлбэл олон улсын спортын Арбитрын шүүхэд хандаж байна.

Надаас болж эрх нь зөрчигдсөн шигшээ багийн тамирчдаасаа уучлалт хүсье. Эцсийн шийдвэр гарсны дараа эргэн мэдээлэх болно” гэв.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency