АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр CBS News сувгийн “60 Minutes” нэвтрүүлэгт оролцохдоо Украин, Израиль хоёр улсыг зэр зэвсгээр зэрэг дэмжих чадвартайгаа батлан илэрхийлсэн байна.
“Бид бол Америкийн Нэгдсэн Улс. Бурхны авралаар бид дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн, цаашлаад дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг гүрэн юм. Бид эдгээр улсуудад хоёуланд нь туслахын зэрэгцээ өөрийгөө ч батлан хамгаалах чадвартай. Бидэнд ингэх нөөц боломж бий. Бид ингэх үүрэгтэй. Хэрвээ бид биш бол өөр хэн хийх вэ?” гэж Байден энэ үеэр хэлжээ.
Хамас-Израилийн дайн олон улсын анхаарлыг Украинд явуулж буй Оросын эзлэн түрэмгийлэх дайнаас холдуулж болзошгүй гэсэн айдас үүсээд байгаа. Байдены илэрхийлсэн байр суурь үүнийг үгүйсгэж байна.
Аравдугаар сарын 7-ны өдөр Газын зурвасаас Хамасын дайчид Израилийн нутаг дэвсгэрт гэнэдүүлэн довтолж, энгийн номхон иргэд голдуу 1,400 гаруй хүний амийг хөнөөсөн юм.
Үүний дараа Израилийн арми газар нутгаа чөлөөлж, Газын зурваст агаарын цохилт өгч эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Израилийн бөмбөгдөлтөд 2,600 гаруй хүний амь үрэгдсэн гэж Палестины албаныхан мэдээлж байна.
Одоо Израилийн арми Газын зурваст хуурай замын байлдааны ажиллагаа эхлүүлэхээр бэлдэж байна. Тэд 2007 оноос хойш Газын зурвасыг захирч байгаа Хамас зэвсэгт байгууллагыг бүрмөсөн устгах зорилготой байгаа.
Хамасын холбоотнууд болох Иран улс, Ливан дахь Хезболлах зэвсэгт бүлэг хэрвээ Газын зурваст Израилийн явган цэрэг орвол хариу арга хэмжээ авахаа анхааруулсан юм.
Тегераны дэглэм Хамасын халдлагыг ил тод магтан сайшаасан ч шууд оролцсоноо үгүйсгэж байгаа.
Өнгөрсөн хугацаанд АНУ-ын засаг захиргаа Израильд зэр зэвсгийн тусламж үзүүлснээс гадна Газрын дундад тэнгисийн зүүн хэсэгт байлдааны хоёр нисэх онгоц тээвэрлэгчээ байрлуулаад байна.
Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жэйк Салливаны мэдээлснээр тус улс дипломат сувгаа ашиглан Ираны удирдагчдад мөргөлдөөнийг өргөжүүлэх үйлдэл гаргахгүй байхыг анхааруулжээ.
Хамас-Израилийн дайнд АНУ-ын цэрэг оролцох эсэхийг асуухад Байден “Би ингэх шаардлагагүй гэж бодож байна. Израиль бол шилдэг зэвсэгт хүчинтэй орнуудын нэг. Би тэднийг шаардлагатай бүхнээр хангахаа амлаж байна” гэж хэлсэн байна.
Оросын эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойш АНУ-ын засаг захиргаа Украинд нийтдээ бараг $44 тэрбумын дэмжлэг үзүүлээд байгаа.
Израиль улс жил бүр АНУ-аас хэдэн тэрбумын үнэ бүхий зэр зэвсгийн тусламж авдаг. Үүний ихэнх нь пуужингууд байдаг гэсэн мэдээлэл бий.
Байден одоо Израильд үзүүлэх нэмэлт тусламж, Украинд үргэлжлүүлэн үзүүлэх тусламжийн хөрөнгийг конгрессоор батлуулахаар ажиллаж байгаа. Гэвч конгрессын төлөөлөгчдийн танхим спикергүй болсны улмаас энэ үйл явц саатаад байна.
Байден өчигдрийн ярилцлагадаа Газын зурвасыг Израиль улс удаан хугацаанд хяналтдаа байлгах ёсгүй, Палестины засаг захиргааны мэдэлд үлдээх ёстойг хэлжээ. Гэхдээ Израилийн засгийн газрын Газын зурваст явуулж буй ажиллагааг тэр зүй ёсны үйлдэл гэж тодорхойлсон юм.
“Хэрвээ ингэвэл (Газын зурваст хяналтаа тогтоовол) том алдаа болно. Гэхдээ одоо Газад юу болж байгааг харцгаа. Хамас болон Хамасын экстремист элементүүд Палестины ард түмнийг төлөөлөхгүй” гэж хэлсэн тэрбээр Израиль улс нутаг дэвсгэрт нь үйлдсэн халдлагын хариуд арга хэмжээ авах эрхтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Ингэхдээ Байден аравдугаар сарын 7-ны Хамасын халдлагыг “холокосттой ижил хор уршигтай үйл явдал” гэж тодорхойлжээ.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй