Израилийн тагнуулын албаны тэргүүн Хамасын халдлагын хариуцлагыг өөртөө хүлээхээ мэдэгдэв

2023-10-17

Израиль улсын аюулаас хамгаалах гол байгууллага болох Шин Бетийн тэргүүн аравдугаар сарын 7-ны өдөр Хамас зэвсэгт байгууллага нутаг дэвсгэрт нь үйлдсэн халдлагын хариуцлагыг өөртөө хүлээхээ мэдэгджээ.

Тус байгууллагын тэргүүн Ронен Бар ажилтнууддаа илгээсэн захидалдаа “Бид хэд хэдэн арга хэмжээ авсан ч харамсалтай нь Бямба гарагийн халдлагыг таслан зогсоох хангалттай сэрэмжлүүлэг гаргаж чадсангүй. Байгууллагыг удирдаж байгаа хүнийхээ хувьд би бүх хариуцлагыг хүлээх болно. Мөрдөн байцаалт явуулж, буруутныг олж тогтоох цаг бидэнд олдоно. Харин одоо бидэнд тулалдах нь чухал байна” гэж бичсэн байна.

Аравдугаар сарын 7-ны халдлагыг эхлэхээс хэдэн цагийн өмнө Газын зурваст хэвийн биш хөдөлгөөн ажиглагдаж, Хамасын удирдагчид хоорондоо утсаар ярилцаж байхыг Шин Бет мэдэж чаджээ.

Энэ мэдээллийн дагуу Бар шуурхай арга хэмжээ авахдаа Хамасын талаас жижиг хэмжээний өдөөн хатгалга гарна гэж төсөөлөөд цөөн тооны хүнтэй багийг Газын хил рүү илгээх тушаал өгч байсан гэнэ.

Гэвч Хамасын халдлага төсөөлснөөс хамаагүй өргөн хүрээнд эхэлжээ. Энэ үеэр Газын хил рүү илгээсэн Шин Бетийн ажилтнуудаас 10 хүн алагдсан юм байна.

Бар захидалдаа “Бид нэг удаагийн тулаанд ороогүй, дайнд ороод байна. Тулаан ялагчийн нэр төрийг өргөж, сүр дуулиангүй өндөрлөдөг бол дайн нөхцөл байдлыг үндсээр нь өөрчилснөөр дуусдаг. Үүнд орон зай, цаг хугацааны хязгаар байх ёсгүй. Эцсээ хүртэл дайтна” гэж ажилтнуудаа зоригжуулжээ.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency