УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өчигдөр хуралджээ.
Энэ үеэр Эрчим хүчний сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр “Улаанбаатар хотын агаарын чанар 2023 оны аравдугаар сарын 9-15-ны өдрийн байдлаар Нисэх, Зурагт, Зайсан, Налайх, Ургах наран хороолол орчим цэвэр буюу “Хэвийн”.
Харин Толгойт, Шархад, Хайлааст, Таван буудал, Мишээл экспо, 13 дугаар хороолол, Цахилгаан станц, Амгалан, Баянхошуу, нэгдүгээр хороолол, 100-н айл, Баруун дөрвөн зам орчим “Бага бохирдолтой” түвшинд байна.
Улаанбаатар хотын хүхэрлэг хийн орон зайн тархалт нэгдүгээр хороолол орчим агаарын чанарын индексээс 43 мкг/м3-ээр их, Шар хад орчимд 1.2 дахин их, бусад цэгүүдэд агаарын чанарын индексээс давсан тохиолдол гараагүй.
Азотын давхар ислийн хувьд Баруун дөрвөн зам орчим агаарын чанарын индексээс 26 мкг/м3 –ээр их /1.6 дахин/, I хороолол орчим агаарын чанарын индексээс 7 мкг/м3 –ээр их, Бөхийн өргөө орчимд 7 мкг/м3 агаарын чанарын индексээс 10 мкг/м3, бусад цэгүүдэд агаарын чанарын стандартаас давсан тохиолдол илрээгүй.
РМ2.5 болон РМ10 тоосонцрын хэмжээ 2.1-3.2 дахин давсан үзүүлэлтүүд агаарын чанарын суурин харуулуудад илрээд байгаа.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр нийслэлийн зарим бүсэд тархсан “үнэр”-ийг тодорхойлохоор Нийслэлийн онцгой байдлын газар, Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран Дүнжингарав худалдааны төвийн орчим орчны агаарын чанарын хэмжилтийг хөдөлгөөнт явуулын хэмжилтийн AQMS-9000 харуулаар хийж гүйцэтгэлээ.
Хэмжилтийн дүнгээс үзэхэд, агаарын чанарын стандартаас олон дахин давсан зүйлгүй, орчны агаарын чанарын 19 суурин харуулуудын адил үзүүлэлт хэмждэг бөгөөд сүүлийн 24 цагийн суурин харуулуудын хэмжилтийн үзүүлэлтэд онц ноцтой байдал ажиглагдаагүй.
Хагас коксын туршилтын үйлдвэрлэлийг “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн технологиор түүхий эдийг өөрчлөн явуулсан. 100 хувь хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлш хамгийн сайн үр дүнтэй гарсан. Туршилтын түлшний техникийн үзүүлэлтүүд нь БНХАУ, БНСУ, ХБНГУ, ОХУ зэрэг орнуудын стандарттай ижил түвшинд хүрсэн байна.
Тухайлбал дэгдэмхий 7-12 хувь, хүхэр 0.5-1.0 хувь байхаар. Олон улсад шахмал түлшний үндсэн түүхий эд нь хагас кокс байдаг.
Мидлинг болон хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлшний техникийн үзүүлэлтүүдийг харьцуулахад дэгдэмхий 41.4-51.7 хувь, хүхэр 54.6-60.8 хувь, үнслэг 37.0-37.3 хувиар бага байгаа нь хагас коксожсон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарыг сайжруулахад шууд нөлөө үзүүлэх нь туршилтаар тодорхойлогдсон.
Шахмал түлшийг зөвхөн зориулалтын асаагчаар асаадаг байна. Асаагчийн судалгааг цаашид үргэлжлүүлж, нарийвчлан тодорхойлох шаардлагатай. Туршилтын судалгааны ажил үргэлжилж байна” хэмээн ярилаа.
Гэр хорооллын айл өрхийг цахилгаанаар халаах техникийн нөхцөлийг бүрдүүлэх талаар “Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд 4кВт хүчин чадалтай 5,012 айл өрхийг цахилгаан халаагуур ашиглах техникийн боломж бүрдүүлэх” төсөл энэ онд хийгдэж байгаа.
Энэхүү ажил хэрэгжсэнээр Сонгинохайрхан дүүргийн 5,012 өрх 4кВт хүртэл цахилгааны хүчин чадалтай болж, гэрээ цахилгаанаар халаах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр 13,532 тонн сайжруулсан шахмал түлшний шаталтаас үүсэх бохирдлын хэмжээг бууруулах боломж бүрдүүлэхээр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос ажиллаж байна” гэв.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй