Levi’s компанийн гүйцэтгэх захирал жинсээ хэзээ ч угаалгын машинд угааж болохгүйг зөвлөжээ

2023-10-11

Жинс сонирхогчдын дунд үргэлж яригддаг нэг сэдэв нь дуртай өмдөө ямар давтамжтай, яаж угааж цэвэрлэх тухай байдаг. Levi Strauss компанийн гүйцэтгэх захирал Чип Берг өмнө нь жинсийг хэзээ ч угаалгын машинаар цэвэрлэж болохгүй гэж хэлж байсан удаатай. 2014 онд болсон нэг арга хэмжээнд оролцохдоо тэр өмссөн өмдөө нэг жил гаруй хугацаанд угаагаагүй тухай ярьж байжээ.

Харин Берг саяхан CNBC сувгаар энэ тухай дэлгэрэнгүй ярьсан байна. “Би жинсээ битгий угаа гэж хэзээ ч ярьж байгаагүй. Харин угаалгын машинд хэзээ ч битгий хийж бай гэж зөвлөдөг” гэж тэр ярьжээ. Толбо тогтвол зөвхөн тэр хэсгийг нь цэвэрлэх хэрэгтэй, бүхэлд нь угаахаас өөр аргагүйд хүрвэл өмссөн чигтээ шүршүүрт орж угаахыг тэр зөвлөсөн байна.

“Хэрвээ би жинсэн дээрээ карри дусаачихвал зөвхөн тэр хэсгийг нь цэвэрлэдэг. Харин хөлс нэвчиж, бүхэлд нь цэвэрлэх хэрэг гарвал би өмссөн чигтээ шүршүүрт ордог. Өмдтэйгөө хамт норж, савандаад угаадаг” гэж Берг ярьжээ. Угаалгын машинаас зайлсхийх нь нэг талаасаа жинсний эдэлгээг уртасгадаг, нөгөө талаасаа байгаль орчинд ээлтэйг тэр тайлбарласан байна.

“Деним салбар маш их ус хэрэглэдэг. Үүний хагас нь хөвөн тариалахад, үлдсэн хагас нь хэрэглэгчдийн угаалгад зарцуулагддаг” гэж Берг ярьжээ. Шүршүүрт орсны дараа нойтон өмдийг тайлахад хэцүү байдаг. Хэрвээ энэ нь хэцүү санагддаг бол сард нэг удаа хөргөгчид байлгаж, шингэсэн үнэрийг нь арилгах бас нэг аргыг тэр зөвлөсөн байна.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency