Газын зурвасыг Израилийн арми битүүмжилж, Хамасын тал барьцааны хүмүүсийг цаазлахаар сүрдүүлэв

2023-10-10

Бямба гарагт Газын зурвасаас Палестины Хамас зэвсэгт байгууллага Израилийн нутаг дэвсгэрт гэнэдүүлэн довтолсноор талуудын хооронд томоохон дайн эхлээд байна.

Израилийн арми өмнөд бүс нутгаасаа Хамасын дайчдыг хөөхийн хажуугаар Газын зурваст агаарын цохилт өгсөөр байна. Сүүлийн байдлаар хоёр талаас нийтдээ 1,600 орчим хүн амиа алджээ.

Даваа гарагт Израилийн батлан хамгаалахын сайд Газын зурвасыг бүслэн битүүмжилж, хоол хүнс, цахилгаан, ундны ус, түлш шатахууны хангамжийг таслах тушаал өглөө.

Хамасын албаныхан Израилийн 130 гаруй иргэн, цэргийн алба хаагч барьцаанд нь байгааг мэдээлсэн байна. Хэрвээ Израилийн тал Газын зурвас дахь иргэний байгууламжуудыг урьдчилж анхааруулалгүй бөмбөгдсөөр байвал барьцааны хүмүүсийг нэг нэгээр цаазалж эхлэхээ тэд анхааруулжээ.

Израилийн зэвсэгт хүчин халдлага эхэлснээс хойш 48 цагийн дотор газар нутагтаа бүрэн хяналт тогтоосноо зарлаж, Газын хил дагуу танкууд, дронууд байрлуулж, дахин халдлага гарахаас сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн байна.

Халдлага эхэлснээс хойш гурван өдрийн дотор 300,000 бэлтгэл хүчийг цэрэгт дайчилжээ.

“Бид Хамаст өгөх цохилтоо дөнгөж эхэлж байна. Ойрын өдрүүдэд бидний хийх зүйлийг тэд үеийн үедээ мартахгүй байх болно” гэж Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өчигдөр телевизээр мэдэгдсэн юм.

Одоо гол асуудал нь Израилийн арми Газын зурваст явган цэрэг оруулах уу гэдэгт оршиж байна. Хамгийн сүүлд 2014 онд тус улсын зэвсэгт хүчин ийм ажиллагаа явуулж байсан юм.

Даваа гарагийн байдлаар Израилийн талаас нийт 900 орчим хүн алагдсаны 73 нь цэргийн алба хаагч байсныг албаны эх сурвалжууд мэдээлж байна.

Харин Газын зурваст 680 гаруй хүн алагдсаныг Хамасын албаныхан мэдээлжээ. Үүнээс гадна талуудын аль алинаас нь олон мянган хүн шархдаад байгаа.

2007 онд Газын зурваст Хамасын захиргаа тогтож, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Палестины засаг захиргааг хөөснөөс хойш Израиль улс тус бүс нутгийг бүслэн хаах бодлого баримталж ирсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд Газын эдийн засаг хөрш Египетийн Рафах боомтоос бараг бүрэн хамааралтай оршиж иржээ.

Дайн эхэлснээс хойш Газын зурваст орон гэрээсээ дайжсан хүний тоо 123,000 хүрснийг НҮБ-ын дүрвэгсдийн байгууллага өчигдөр мэдээлсэн байна.

Даваа гарагт Израилийн умард хил дээр дайны хоёр дахь фронт нээгдэж болзошгүй нөхцөл байдал бий болжээ.

Хойд хөрш Ливаны нутаг дэвсгэрээс өчигдөр Исламын Жихад бүлэгт харьяалагддаг палестин дайчид Израилийн нутаг дэвсгэрт халдсан байна. Израилийн арми тэднийг довтолгоог няцааж, хил дагуу Ливаны нутаг дахь байрлалууд руу нь гал нээжээ. Энэ үеэр таван хүн нь алагдсан тухай Ливанд төвлөрдөг Хезболлах зэвсэгт байгууллага мэдээлсэн байна.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency