Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын гишүүн, Зэвсэгт хүчний сайд Жеймс Хийппи 2023 оны есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын үеэр ИБУИНХУ-ын Зэвсэгт хүчний сайд Жеймс Хийппи, тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Фиона Блит болон албаны бусад төлөөлөгчдийн хамт өчигдөр Батлан хамгаалах яаманд зочилж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай албан ёсны уулзалт хийлээ.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ИБУИНХУ-ын Зэвсэгт хүчний сайд анх удаа, Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн босгон дээр айлчлан ирж буйд баяртай байгаагаа уламжлаад, энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаа, тэр дундаа батлан хамгаалах, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түүхэн ач холбогдолтой айлчлал болж байна гэдгийг онцолсон.
Мөн “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хоёр улсын Батлан хамгаалахын харилцаа, цэргийн хамтын ажиллагаа олон чиглэлээр өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, цэргийн боловсрол, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ.
ИБУИНХУ-ын Зэвсэгт хүчний сайд Жеймс Хийппи Монгол Улсад айлчлан ирсэндээ сэтгэл өндөр байгаагаа хариу илэрхийлж, Батлан хамгаалах, цэргийн харилцаа, хамтын ажиллагааны санал санаачилгуудыг бүрэн дэмжиж байгаа бөгөөд цаашид идэвхжүүлэх, олон чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой гэдгийг тодотгов.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй