Өчигдөр буюу Лхагва гарагт АНУ-ын нэг, ОХУ-ын хоёр сансрын нисгэгч тойрог замаас дэлхийд буцаж иржээ.Тэднийг тээвэрлэсэн Союз МС-23 капсул Олон Улсын Сансрын Станцаас салснаасаа хойш гурван цаг хагасын дараа Казахстаны Жезказган хотын ойролцоо талд газардсан байна.
АНУ-ын сансрын нисгэгч 47 настай Фрэнк Рубио, ОХУ-ын сансрын нисгэгчид 48 настай Сергей Прокопьев, 40 настай Дмитрий Петелин нар эсэн мэнд газардсаныг Роскосмос мэдээлжээ. Тэдний дэлхийд буцаж ирэх хугацаа зургаан сар орчмоор хойшилсны улмаас нийтдээ 371 хоногийг тойрог замд өнгөрүүлсэн юм. Үүний үр дүнд Рубио нь сансарт тасралтгүй хамгийн олон хоног ажилласан АНУ-ын сансрын нисгэгчдийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Есдүгээр сарын 11-нд тэр АНУ-ын сансрын нисгэгч Марк Ванде Хэй өмнө нь тогтоосон 355 хоногийн дээд амжилтыг гүйцсэн юм. Рубио бас дэлхийн тойрог замд бүтэн нэг жилийг өнгөрүүлсэн Америкийн анхны сансрын нисгэгч болжээ. Сансрын уудамд тасралтгүй хамгийн удаан хугацаагаар байсан дэлхийн дээд амжилт 437 хоног, 18 цаг байдаг бөгөөд үүнийг 1994-1995 онд тойрог замд ажилласан Оросын нисгэгч Валерий Поляков эзэмшдэг юм. Поляков нэг жилийн өмнө 80 насандаа таалал төгссөн байна. Сая буцаж ирсэн Оросын сансрын нисгэгч Прокопьев өмнөх нислэгүүдтэйгээ нийлээд нийт 576 өдрийг дэлхийн тойрог замд өнгөрүүлжээ.Гэхдээ Рубио анхнаасаа дээд амжилт тогтоох зорилгогүй байсан юм.
Учир нь дээрх гурван нисгэгчийг дэлхийд буцааж авчрах капсулын битүүмжлэл алдагдсан тул солих шаардлагатай болсноос ийнхүү олон хоног саатсан байна. Дэлхийд газардсаныхаа дараа Рубио “Гэртээ харих сайхан байна” гэж хамгийн түрүүнд хэлжээ. Ийм урт хугацааг сансарт өнгөрүүлэхэд сэтгэл зүйн бэрхшээл төсөөлснөөс хүнд байсныг тэр бас ярьсан байна. Дөрвөн хүүхдийн эцэг Рубио урт хугацааг машин техникийн чимээн дунд өнгөрүүлсэн тул одоо гэрийнхээ арын цэцэрлэгт аль болох удаан амрах хүсэлтэй байгаа гэнэ.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй