Төв аймагт баяжуулах үйлдвэр ашиглалтад орно

2023-09-26

Төв аймгийн Баянцагаан суманд хайлуур жоншны баяжуулах үйлдвэр баригдсан нь тун удахгүй ашиглалтад орох болжээ. Тус үйлдвэр нь хаягдсан хүдрийг цуглуулан, өндөр агуулгатай баяжмал үйлдвэрлэхээрээ ач холбогдолтой аж. Мөн үйлдвэрээс гарч байгаа хаягдал усыг бүрэн эргүүлэн  ашиглаж, хуурай хаягдлаараа барилгын материал хийх юм байна.

Баяжуулах үйлдвэрийн захирал Д.Батбаярын хэлж буйгаар үйлдвэр дэд бүтэц сайн хөгжсөн бүсэд буюу түүхий эд олборлох уурхайн дэргэд байгуулагдсанаараа давуу талтай. Үйлдвэрээс гарах бүтээгдэхүүн нь химийн үйлдвэр, гар утас, автомашины батерей зэрэг хүнд үйлдвэрийн гол түүхий эд болох аж.

Сануулахад, уурхайн хамт олон 2019 онд үйлдвэрийг барьж байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд дэлхий дахинд Covid-19 цар тахал дэгдсэнээр Замын-Үүд, Эрээний боомт хаагдан ажил хүндрүүлсэн ч дөрвөн жил орчмын хугацаанд зүтгэсээр ийнхүү зорьсондоо хүрчээ. Орон нутагт үйлдвэр ашиглалтад орох нь ажлын байрыг бий болгоод зогсохгүй татварын орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Тэр дундаа Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ нэмүү өртөн шингээн боловсруулах нь чухал байгаа тул хаягдсан хүдрийг цуглуулан, агуулга өндөртэй баяжмал үйлдвэрлэнэ гэдэг нь эдийн засгийн хувьд ч өндөр ач холбогдол дагуулна гэж эдийн засагчид үзэж буй юм.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency