Гадаад худалдааны нийт бараа эргэлт $15.9 тэрбум болж, өмнөх оны мөн үеэс 19% өсжээ

2023-09-08

Энэ оны эхний найман сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.9 тэрбум сая ам.доллар болжээ.

Энэ нь 2022 оны мөн үеэс 2,5 тэрбум ам.доллароор буюу 19.4 хувиар өссөн болохыг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Экспортын дүн импортын дүнгээс 4 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна. 

Экспортод 10,003.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.0 хувиар өссөн аж. Мөн экспортод нийлүүлсэн барааны 98.9 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байгаа юм байна.

Экспортын барааны нийт дүнд

  • Эрдэс бүтээгдэхүүн 8,678.5 сая ам.доллар буюу 86.8 хувь;
  • Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 443.0 сая ам.доллар буюу 4.4 хувь;
  • Нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 336.0 сая ам. доллар буюу 3.4 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.5 хувийг эзэлж байна.

2023 оны эхний найман сард экспортолсон байдлыг харвал:

  • хар тугалгын хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал болон түүхий нефтийг 100 хувь, зэсийн баяжмалын 99.9 хувийг, чулуун нүүрсний 99 хувийг БНХАУ-д;
  • үхэр адууны боловсруулсан ширний 33.5 хувийг, ямааны самнасан ноолуурын 85.2 хувийг Италид;
  • ямааны угаасан ноолуурыг 99.6 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 84.7 хувийг эзэлж байна.

Монгол улс дэлхийн 74 оронд бараа экспортолсноос БНХАУ-д  91.7 хувь, Швейцарт 3.5 хувь, БНСУ-д 1.3 хувь тус тус ногдож нийт экспортын  96.5 хувийг дээрх орнууд эзэлж байна.

Түүнчлэн импортын хувьд нийт 5.9 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеэс 346.9 сая ам.доллароор буюу 6.2 хувиар өссөн аж. 

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency