Нийтийн тээврийн автобусны тоог 50-аар нэмэгдүүлжээ

2023-09-05

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 14 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Тодруулбал, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах, тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгах, парк шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 658 арга хэмжээ төлөвлөснөөс хэрэгжилт 86 хувьтай байна. Сайжруулсан шахмал 90 мянган тонн түлш нөөцлөөд байгаа аж.

Мөн амралтын газар, жуулчны баазуудын гадна орчны тохижилт, ариун цэврийн байгууламж, бие засах газар, хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээнд хөрсний бохирдлоос сэргийлэх арга хэмжээ авч, стандартыг мөрдүүлж ажиллах үүрэг өгсний дагуу 134 байгууллагад шаардлага хүргүүлсэн бөгөөд хяналт шалгалт үргэлжилж буй.

Түүнчлэн нийтийн тээврийн хүртээмжийг өглөө, оройдоо нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарт анхаарах, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийх үүрэг өгсөн. Энэ хүрээнд өдөр үйлчилгээнд гардаг автобусны тоо 1,955 байсныг 50-аар нэмэгдүүлж, цаашид ч нэмэгдүүлэхэд анхаарч байна. Тэрчлэн автобусны угаалга, цэвэрлэгээг тогтмол хийж байгааг хэлж байлаа.

Хотын дарга хариуцсан ажлаа дор бүрнээ гүйцэтгэл сайтай хийхэд анхаарах, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх, постуудад хяналт шалгалтыг сайжруулах хэрэгтэйг онцолж байв. Түүнчлэн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цэвэрлэгээ, ариутгалыг сайтар хийхэд анхаарахыг үүрэг болголоо. Тэрчлэн нийтийн тээврийн менежментийг сайжруулах үүрэгтэй байгууллага нь Нийслэлийн Нийтийн тээврийн газар гэдгийг тодотгоод, ажлаа сайн хийх хэрэгтэйг сануулав. Мөн СӨХ-ны хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хуулийн төсөл боловсруулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.

© 2023 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency