Хүүхэд насны хамгийн амттай, хамгийн нандин дурсамжууд хаана үлдсэн бэ гэж асуувал би эргэлзэлгүйгээр хүүхдийн зусланд гэж хариулна. Ой модны сэнгэнэсэн үнэр, өглөө бүр сонсогддог шүглийн дуу, бүлгийн багшийн хөгжилтэй яриа, түүдэг галын дэргэдэх дуу хуур… Тэр өдрүүд миний амьдралын хамгийн тод, өнгөлөг гэгээлэг дурсамж болон үлджээ. Ээжийнхээ бэлдэж өгсөн том цүнхтэй хувцасыг, хэдэн чихэр печениэ тэврээд зуслангийн автобусанд суугаад явж билээ. Цонхны цаанаас гар даллах ээжийг хараад нэг л их хол явах гэж байгаа юм шиг санагдаад гэрээ санах ч юм шиг, хүүхдүүдтэй найзалж чадах юм болов уу ч гэж бодоод өөртөө итгэл муутайхан автобусандаа сууж билээ. За ингээд автобус дүүрэн хүүхдүүд шуугих нь шуугиад зарим нь бишүүрхээд л аялал эхэллээ.
Зусланг хамгийн сонирхолтой болгодог зүйл нь магадгүй бүлгийн багш нар байх. Очиход л халуун дотноор угтан аваад, хөгжилтэй тоглоом, бүжиг зааж өгөөд хамаг юмыг зохицуулаад дагуулж явсан. Гэртээ бол ээжээрээ хэд хэд хэлүүлж, дуртай дургүй босдог байсан би зусланд өглөө болгон л шүгэл дуугарах чимээгээр босоод бэлэн зогсож байсан…
Өглөөний сэрүүн агаарт нойрмог нүдтэй ч бүгдээрээ зэрэгцэн зогсоод дасгал хийх, жагсаалаар алхангаа бүлгийн уриагаа чангаас чанга хашхирах тэр мөчүүд бас л гоё.
Гэртээ нэг их тоож иддэггүй байсан хоол зусланд амттай болчихсон ч юм шиг. Найзуудтайгаа гүйж ирээд хоолондоо оочерлон зогсох, халуун шөл, вариантай талх…..
Зуслангийн хамгийн нандин хэр нь гунигтай үе нь сүүлчийн оройн түүдэг гал байлаа. Одод түгсэн тэнгэрийн доор, дүрэлзэн асах галын дэргэд бүгдээрээ мөр мөрөө түшин сууж, зуслангийн дуугаа дуулах мөч тийм гэхийн аргагүй нандин дулаахан байсан даа. Хүүхэд насны минь тэр гайхалтай үдэш, амьд харилцаа намайг гэнэн цайлган өдрүүд рүү минь хөтлөн аваачдаг даа. Одоо би хүүхдийнхээ магадгүй хамгийн нандин дурсамжийг бүтээх зуслангийн түүхийг бичүүлэхээр төлөвлөж сууна. Зуслан гэдэг зугаатай сайхан, гэрэлтэй гайхамшигтай газар билээ. Та бүхнийг хүүхэд насны дурсамж дурдатгалаар аялуулах “Оддын зуслан” шоу нэвтрүүлгээ манай телевизээр хүлээн авч үзээрэй үзэгчид ээ.
© 2026 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй