“Олон орнуудын хаана ч хаяж чадахгүй байгаа цөмийн хаягдал Монголд ирэх магадлал маш өндөр байна”

2023-08-30

Дорноговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын дарга Б.Ганзоригийг Авлигатай Тэмцэх Газарт шалгуулах талаар тус аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн Засаг дарга н.Гантөмөр болон бусад иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

Тодруулбал тус багийн Засаг дарга н.Гантөмрийн мэдээлснээр Баянбогд уулын ойр орчим дахь орон нутгийн тусгай хамгаалалттай газрыг тусгай хамгаалалтаас нь гаргаж өгнө үү гэсэн “Эрдэнэс Баянбогд” компанийн хүсэлтээр сумын ИТХ хоёр удаа хуралдсан байна. Эхний хуралдаанаар тусгай хамгаалалтыг хэвээр үлдэх шийдвэр гарчээ. Дараагийн хуралдаанд хүсэлт гаргасан компанийн зүгээс төлөөлөгч нарт шийдвэр гаргахад нь нөлөөлсөн гэх асуудлаар Улаанбадрах сумын Баянбогд багийн Засаг дарга н.Гантөмөр дараах мэдээллийг хийлээ.

“Манай орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт лиценз олгосон”

Тэрбээр “1,500 хүний эрх ашгийг нэг дарга л шийдээд байна. Сумын ИТХ-ын дарга гэдэг бол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж гарсан бодлого шийдвэр дээр маргаан үүсгэж явах ёстой байгууллага. Гэтэл уг байгууллага иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргалаа. Иймд ИТХ-ын дарга Б.Ганзоригийг Авлигатай Тэмцэх Газарт шалгуулахаар өгч байна.

Мөн “Эрдэнэс Баянбогд” компанид манай орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт яг давхцуулан лиценз олгосон Монгол Улсын Засгийн газрын 110-р тогтоол байна. Үүнд  холбогдох албаны хүмүүс нь хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Сумын орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргаж өгнө үү гэх хүсэлт бол маш том гэмт хэрэг гэж харж байна” гэлээ.

“Олон орнуудын хаана ч хаяж чадахгүй байгаа цөмийн хаягдал Монголд ирэх магадлал маш өндөр байна”

Иргэдийн төлөөлөл н.Баянбат “Ураны хор хохирлоос үүдэж Дорноговийн Улаанбадрах суманд малын 20-35 хувь нь үхсэн төрж байна. Уусган баяжуулах арга гэдэг нь гүний ус руу хүхрийн хүчил шахаад тэр хүчлээ хоёроос орчим жил болгоод татаж аваад түүнээсээ ураныг ялгаж авдаг. Хүхрийн хүчил гэдэг бол аккумляторын шингэн. Уг шингэнийг гүний ус руу хийгээд байхаар тэндхийн ус ууж болохгүй болсон.

Улаанбадрах сумаас гадна найман газар ураны лиценз эхлэх гээд байгаа. Цөмийн энергийн хуульд ураныг олборлосон газраа булшилна гэсэн байдаг. Иймд эндээс олборлосон бол цөмийн хаягдал нь буцаад монголд ирж хийгдэнэ. Олон орнуудын хаана ч хаяж чадахгүй байгаа цөмийн хаягдал Монголд ирэх магадлал маш өндөр байна” гэв.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency