Өмнөх жилүүдэд УИХ-ын чуулганыг аравдугаар сарын 1-нд нээдэг байсан бол, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд оруулсан өөрчлөлт болон ирэх оны төсөв хэлэлцэх үе шаттай холбоотойгоор энэ жил есдүгээр сарын 15-нд нээж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Намрын чуулганыг нээж үг хэлэв
УИХ-ын намрын чуулганы нээлтэд үг хэлсэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Ес дэх удаагийн ээлжит сонгуулийн дүнд парламентын төлөөлөх үзүүлэлтүүд улам сайжирч, өдгөө парламент таван нам, эвслийн төлөөлөлтэй, жендэр, нийгмийн олон бүлгийн өндөр түвшний оролцоотой болж байна. Дэлхий нийтээр ардчиллын үнэт зүйлсийг тэмдэглэн өнгөрүүлдэг энэ өдөр Монгол Улсын Их Хурлын намрын чуулганы нээлт тохиож буй нь онцгой бэлгэ дэмбэрэлтэй юм.
Ардчиллаа хамгаалах, бэхжүүлэх, олон ургалч үзэл санааг түгээн дэлгэрүүлэхийг ард иргэддээ сануулж, тэдний итгэл, хүсэл зорилгыг төлөөлөн ажиллаж буй УИХ-ын эрхэм гишүүд болон Монголын ард түмэнд, хүрэлцэн ирсэн хүндэт зочдод олон улсын ардчиллын өдрийн мэндийг хүргэж байна” гэв.
Тэрээр мөн өнөөдрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг онцлон тэмдэглэв. Иргэд, аж ахуйн нэгжүүд татвар, нийгмийн даатгалын дарамтыг бууруулж, төрийн бизнесийг бус харин хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмждэг хууль эрх зүйн орчныг хүсч байгааг онцолсон байна. Энэ нь олон хэвшил бүхий эдийн засагтай байх, өмчлөгчийн эрхийг хамгаалах Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхийг иргэдийн хүсэл гэж тодорхойлжээ.
УИХ-ын дарга нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх шаардлагыг онцлов. Өнөөгийн тогтолцоо хуучирсан, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэхэд хангалтгүй, далд хөдөлмөр, хөдөлмөр эрхийн зөрчил үүсгэж буйг тэмдэглэв. Тиймээс иргэн бүр өөрийн нэрийн дансаа удирдах, хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх чиглэлд шинэчлэх шаардлагатайг онцолсон байна.
Мөн иргэдийн хүсэж буй татварын бодлогын талаар: “Татвар нэг талаас төсвийн орлого бүрдүүлэхэд, нөгөө талаас олон хэвшил бүхий эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэх ёстой. Гэтэл манай улсын татварын бодлого төсвийн орлого бүрдүүлэхэд хэт төвлөрсөн. 2024 онд улсын төсвийн орлогын 92 хувийг зөвхөн татварын орлогоос бүрдүүлсэн нь татварын дарамтыг нэмэгдүүлсэн. Татварын ачааллыг төрийн өмчит компаниудын үр өгөөжийг сайжруулах замаар багасгах боломжтой. Татварын хэт ачаалал бүтээмж, өсөлт, хөгжлийн дайсан болж байна. Төр дарамт биш, боломж бий болгох ёстой. Тиймээс татварын хуульд “гар хүрэх төдий” бус, бодитой өөрчлөлт хийх цаг ирсэн” хэмээн тэмдэглэв.
Татвар бууруулах тохиолдолд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын зэрэг нийгмийн шинжтэй өсөн нэмэгдэж буй зардлыг санхүүжүүлэх нэмэлт эх үүсвэр бий болгох шаардлага үүсэх нь тодорхой.
Үүний тулд нэгд, төсвийн орлого бүрдүүлэх тогтолцоо, бүтцийг өөрчлөх эрх зүйн орчин бүрдүүлэх. Хоёрт, төрийн албаны зардлыг бууруулах үр ашигтай, бүтээмжтэй загварыг бий болгох шаардлагатай. Төрийн өмчит компаниудын ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлж улсын төсөвт төвлөрүүлэх хэрэгтэй. Өдгөө төрийн өмчит болон өмчийн оролцоотой компаниудын нийт хөрөнгө нь 59.4 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ийн 74.3 хувьтай тэнцэж байгаа боловч төсөвт төвлөрүүлэх ногдол ашиг, өгөөж нь үлэмж доогуур байна.
Тодруулбал, 2024 онд төрийн өмчит компанийн 33 хувь нь алдагдалтай ажиллаж, ашигтай ажилласан хэсгийн 90 хувийг “Эрдэнэс Монгол нэгдэл” дангаар бүрдүүлжээ. Төрийн өмчит компаниудын өр төлбөр нь 22.8 их наяд төгрөгт хүрсэн байна.
Төрийн өмчит компаниудын үр ашиг сайжруулах шаардлагатайг УИХ-ын дарга онцлов
УИХ-ын намрын чуулганы үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн байдлыг шүүмжиллээ. Тэрбээр “Орон нутгийн өмчийн 350 аж ахуйн нэгжийн зөвхөн 30 хувь нь 388 сая төгрөгийн ашигтай ажиллаж, 2023 онд ердөө 1 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан. Энэ байдал цааш үргэлжлэх ёсгүй. Өнөөдөр төрийн өмчит 107 компанийг 9 яам, агентлаг харьяалан удирдаж байгаа ч үр ашиг, өгөөжид хяналт тавих, гүйцэтгэлийг шаардах, хариуцлага тооцох мэргэжлийн удирдлагын нэгдсэн тогтолцоо алга байна” гэв.
Тэрээр мөн төрийн өмчит компаниудын засаглалыг шинэ шатанд гаргах шаардлагыг онцлов. Хувийн хэвшлийн бизнесийн орчинд төр аж ахуйн нэгжүүдтэй өрсөлдөх ёсгүй бөгөөд төрийн өмчит компанийн удирдлагыг улс төрийн нөлөөллөөс ангид, зөвхөн мэргэжлийн ур чадвар, туршлага дээр тулгуурласан менежерүүдээр хангах ёстой гэж тэмдэглэв.
УИХ-ын дарга эдгээр бодлогын шинэчлэл хууль тогтоомжоор дамжин хэрэгжих ёстойг онцолж, намрын чуулганы үеэр төрийн өмчийн бодлого, хувийн хэвшлийн бизнесийн орчныг сайжруулах санаачилгыг дэмжин ажиллахаа мэдэгдэв.
эх сурвалж: parliament.mn
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй