Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ

2025-06-06

АНУ, БНХАУ-ын ерөнхийлөгч нар өчигдөр буюу Пүрэв гарагт утсаар ярьж, хоёр улсын хооронд үүссэн худалдааны маргаан зөрчлийн талаар анх удаа хэлэлцжээ.

Цаг, хагас орчим хугацаанд үргэлжилсэн яриа худалдааны асуудалд голлон төвлөрч, “маш эерэг үр дүнд хүрсэн” тухай Трамп мэдэгдсэн юм.

Бас Ши Жиньпин түүнийг Бээжинд айлчлан ирэхийг урьсан талаар дуулгасан байна.

“Тэр намайг Хятадад урьсан, би бас түүнийг энд айлчлан ирэхийг урьсан. Бид хоёул урилгыг хүлээн авсан. Тиймээс би хэзээ нэг цагт тэргүүн хатагтайн хамт Хятадад айлчилна. Түүнийг бас Хятадын тэргүүн хатагтайн хамт айлчлан ирнэ гэдэгт найдаж байна” гэж Цагаан ордны зууван танхимд Германы канцлер Фридрих Мерцтэй уулзах үеэрээ Трамп хэлжээ.

Трамп, Ши Жиньпин нар өчигдөр ярихдаа хоёр орны худалдааны маргаан зөрчлийг арилгах чиглэлд харилцан эхний алхмыг хийсэн байна.

Тухайлбал АНУ-ын тал Хятадын оюутнуудад визийн хориг тавихгүйгээ амлаж, Хятадын тал АНУ-д газрын ховор элемент үргэлжлүүлэн нийлүүлэхээр болжээ.

“Газрын ховор элементийн асуудалд цаашдаа ямар нэг хүндрэл гарахгүй. Хятадын оюутнууд ирж болно, ямар ч асуудалгүй, тэднийг хүлээж авах нь нэр төрийн хэрэг. Гэхдээ бид тэднийг шалгах болно” гэж Трамп хэлсэн байна.

Худалдааны асуудлаас гадна тэдний хооронд яригдсан өөр нэг сэдэв нь Тайванийн асуудал байжээ.

АНУ мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд Тайванийн асуудалд болгоомжтой хандах ёстойг Ши Жиньпин утсаар ярихдаа Трампад сануулсан тухай Хятадын төрийн төв хэвлэл мэдээлсэн байна.

Хэдхэн хоногийн өмнө Сингапурт болсон олон улсын аюулгүй байдлын хурлын үеэр АНУ-ын батлан хамгаалахын сайд Пит Хэгсэт тус аралд Хятад улс хүч хэрэглэхээр бэлдэж байгааг анхааруулж байсан юм.

АНУ нь Тайваньд зэр зэвсгийн тусламж дэмжлэг үзүүлдэг ч “Нэг Хятад” бодлогын улмаас албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй.

Хоёр улсын хооронд худалдааны дайн эхлээд хэдэн сар өнгөрсний дараа Трамп, Ши Жиньпин нар утсаар ярьж байна.

Талууд харилцан нэгнийхээ бараа бүтээгдэхүүнд 100-аас дээш хувийн импортын татвар ногдуулаад байв. Тавдугаар сард Женевт болсон уулзалтаар тэд татварын хэмжээгээ 90 хоногийн хугацаанд харилцан буулгаж, энэ хооронд худалдааны нөхцөлөө шинэчлэх гэрээ байгуулахаар тохиролцсон.

Гэвч өнгөрсөн хугацаанд төдийлөн ахиц дэвшил гаргаагүй бөгөөд талууд харилцан нэгнээ амлалтаа зөрчсөнд буруутгаж байлаа.

эх сурвалж: newspress.mn

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency