Монгол Улсад анх удаа 11 спортын 12 төрлөөр зохион байгуулсан “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын хаалтын ажиллагаа өчигдөр орой Сүхбаатарын талбайд боллоо.
Наадамд долоон үндэсний олимпын хорооны 880 орчим тамирчин найман өдрийн турш ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөн юм. Хаалтын ажиллагааг Зүүн Азийн залуучуудын наадамд өрсөлдсөн долоон орны тугийг мандуулснаар эхлүүлэв.
Энэ удаагийн спортын наадамд БНХАУ-ын баг, тамирчид 38 алт, 32 мөнгө, 19 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээрээ тэргүүллээ.
Харин Монгол Улсын баг гурван алт, 13 мөнгө, 28 хүрэл медаль хүртэж, долоон үндэсний олимпын хорооноос багийн дүнгээрээ тавдугаар байрт жагссан амжилт үзүүлэв.
“Улаанбаатар 2023″ Зүүн Азийн залуучуудын наадамд 1,200 гаруй сайн дурын ажилтан, 130 орчим олон улсын зэрэглэлийн шүүгч, техникийн ажилтан ажилласан юм.
Зүүн Азийн олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Вэй Дайшун “Долоо хоногийн турш долоон орны тамирчид ширүүн хэр нь найрсаг, өрсөлдөөнтэй тэмцээнүүдийг тууллаа. Та бүхэн өөрсдийн хүсэл мөрөөдөл, алдар нэр, нөхөрлөлийнхөө төлөө тулалдлаа.
Энэ өрсөлдөөн Зүүн Азийн улс орон, бүс нутгийн залуучуудын спортод улам хайртай болох сэдлийг бадраасан гэж бодож байна.
Монгол Улс спортын томоохон тэмцээн, уралдаан зохион байгуулах урт замдаа сайхан эхлэл тавилаа гэж харж байна. “Улаанбаатар 2023″ Зүүн Азийн залуучуудын наадам албан ёсоор хаагдсаныг мэдэгдье” гэв.
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын албан ёсны хаалтын дараа “Улаанбаатарын үдэш” шөнийн шоу болжээ.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй