Завхан аймагт хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинаар 1385 хүүхдийг дархлаажуулна. Өнөөдрийн байдлаар папиллома вирусийн халдварын эсрэг вакцины хамрагдалт 60 орчим хувьтай байна.
Дархлаажуулалтад 11 настай 768, 12 настай 613, 13 настай 112, 14 настай 79 хүүхэд хамрагдсан байна. Аймгийн 24 сумаас Алдархаан, Баянтэс, Завханмандал, Цагаанчулуут, Шилүүстэй, Эрдэнэхайрхан сумуудын хамрагдвал зохих хүүхдүүд бүрэн хамрагдсан байна.
Асгат сумын хамрагдвал зохих хүүхдийн 87 орчим хувь, Улиастай сумын хамрагдвал зохих хүүхдийн 97 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байна. Папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад Тосонцэнгэл, Их-Уул сумууд хамгийн бага хувьтай байна.
Завхан аймагт дархлаажуулалтыг 2024 оны 11 дүгээр сарын 25-наас эхлүүлсэн. Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдийг хүний папиллома вирусний халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. Дархлаажуулалтыг харьяа сум, аймгийн өрхийн эмнэлгүүдэд хийж байна.
Үндэсний товлолт дархлаажуулалтаас хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулалт хамруулдаг. Иймээс 11 настай хүүхэд нь хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй бол нөхөж хамрагдах боломжтой.
11 настай хүүхэд товлолын дагуу хүний папиллома вирусийн эсрэг вакцинд нэг удаа хамрагдана. Энэ вакцин нь хүний папиллома вирус (ХПВ)-ээр үүсгэгддэг толгой хүзүү, ам залгиур, үтрээ, умайн хүзүү, шодой, хошногоны зэрэг олон хортой болон хоргүй хавдраас сэргийлнэ. Иймээс сургууль дээр зохион байгуулагдсан дархлаажуулалтаас хоцорсон бол өөрт ойр сум болон өрхийн эрүүл мэндийн төвд хандан үнэ төлбөргүй хамрагдаарай. Эцэг эх, асран хамгаалагчдад вакцины талаарх танилцуулга мэдээллийг эмч нар байнга өгч дархлаажуулж байна.
Манай улс 2023 онд Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, заавал хийх товлолт вакцинд хүний папиллома вирусний эсрэг тарилгыг багтаасан.
Тус хуулийн 10.1-т “Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа, В вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусний халдвар, гахайн хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно” гэж заасан.
Хүний папиллома вирус (ХПВ) нь маш жижиг ДНХ агуулсан вирус хэмээн судлаачид, эмч мэргэжилтнүүд судалж тогтоожээ. Мэдэгдэж буй 200 гаруй хэв шинжээс 6,11,16,18 нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэх. Бусад хорт хавдрыг бий болгох хоруу чанар ихтэй тул энэхүү вирусийн халдварыг вакцинаар дархлаажуулна гэж Завхан аймгийн ЭМГ-аас мэдээлэв.
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй