Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор 37 дахь “Номын баяр” болно

2025-05-14

“Номын баяр” энэ сарын 16-18-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг 5 болон 9 дүгээр сарын гурав  дахь долоо хоногийн бямба, ням гарагт тэмдэглэдэг билээ.

Үндэсний бичиг соёл, номын өдрүүд, 37 дахь удаагийн Номын баярыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байна.

Номын баяр нь ард иргэд, хүүхэд, залуучуудыг номтой нөхөрлүүлэх, эерэг хандлага бий болгох, ном, хэвлэлийн салбарын үйл ажиллагаа, нийтийн уншлагыг дэмжин сурталчлах зорилготой юм.

Баярын үеэр номын үзэсгэлэн, зохиолч-уншигчдын уулзалт, дотоод, гадаадын хэвлэлийн газруудын болон номын маркетинг-борлуулалтын уулзалт, шинэ номын нээлт, “Байгаль экологийн 50 ном”-ын танилцуулга, хүүхдэд зориулсан номын хөтөлбөр зэрэг олон үйл ажиллагаа болно.  

Дэлхий нийтэд, тэр дундаа манай улсад сөргөөр нөлөөлж байгаа уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтлын улмаас амьдрах орчин нь доройтож, устах аюулд орсон амьтдын нэг нь Алтайн өвөр говьд амьдардаг мазаалай баавгай юм. 

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх санаачилгаар дэлхийн болон Монгол Улсын “Улаан ном”-д орсон энэхүү нэн ховор, 50 гаруйхан үлдээд байгаа мазаалайг хамгаалах, өсгөн үржүүлэх чиглэлээр тодорхой ажил хийж байна.

Энэ хүрээнд “Илүү их уншъя” уриатайгаар зохион байгуулж буй Номын баярт Ерөнхийлөгчийн Тамгын газар “Үндэсний бахархалт амьтан мазаалай” сэдвээр оролцож байна.

  

 

Номын зохиогч, хэвлэн нийтлэгч, уншигчдаа урамшуулан дэмжих зорилгоор хаврын баярт “Номын сайн нөхөр” шагналыг,  намрын баярт “Мэргэн ном” цомын эздийг тодруулдаг уламжлалтай.

Хаврын баяраар НЗДТГ-ын нэрэмжит “Номын грант” шагналыг нийслэлийн хүүхэд, залуусын дунд номын соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, ном бүтээлүүдийг олны хүртээл болгож сурталчлан таниулсан, хотын хөгжлийн төлөө туурвисан бүтээл зэргийг шалгуур болгож 3 сая төгрөгийн тэтгэлэг олгодог.

Мөн 2022 оноос орон даяар явуулж эхэлсэн “Номын сайн нөхөр” уралдааны хүрээнд “Шилдэг ном”, “Шилдэг хэвлэлийн газар”, “Шилдэг уншигч-насанд хүрэгч”, “Шилдэг номын сан”, “Шилдэг уншигч хүүхэд” (Ахлах анги, Дунд анги, Бага анги), “Шилдэг уншигч анги”-ийг шалгаруулна.  

Номын баярыг зохион байгуулагчдын зүгээс жил бүр хүүхэд, залууст зориулсан 50 номын жагсаалт гаргаж уншлагын аян зарладаг уламжлалтай. 

2024-2025 оны хичээлийн жилд “Амьтдын тухай 50 ном”-ын жагсаалт зарлаж, “Азтай савар” ТББ-тай хамтран зохион байгуулсан нь хүүхэд, багачуудын сонирхлыг ихээр татаж, олон хүүхэд номын тэмдэглэл, зурагт хуудас, подкаст бэлдэж оролцсон.

Иймээс  энэ жилийн “Номын сайн нөхөр” шагналын эздийг шалгаруулахдаа энэ аянд амжилттай оролцсон хүүхдүүдийг хамруулж, урамшуулахаар боллоо. Мөн баярын үеэр “Д.Нацагдорж” тэмдэгтэн хүүхдүүдийг шалгаруулна. 

Баярын өдрүүдээр “Зөв мэдлэгт хөтөлнө” уриан дор олон сэдэв, агуулгатай номыг уншигчдад харьцангуй хямд үнээр хүргэх, уншигч-зохиолчдыг уулзуулах, номтой холбоотой гэгээн дурсамж бүтээх боломжийг ч бүрдүүлдэг. 

Номын баяр жилээс жилд өргөжин тэлж, баярт дунджаар 300,000 гаруй уншигч хүрэлцэн ирж, 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300-аад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач тогтмол оролцдог болжээ.

Баярын өдрүүдэд үндэсний бахархалт амьтан Мазаалайн  асруудыг бэлдэж, зохиолчидтой биечлэн уулзах, номын чиглэсэн судалгаанд оролцох, чөлөөт орон зайд кофе, цай ууж номын тухай яриа дэлгэн суух тусгай орчин бий болгоно.  

Энэ удаагийн баярт ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцохоор болжээ.

Номын салбарын гадаад хамтын ажиллагааны хүрээнд Монгол зохиолчдын ном, бүтээлийг БНСУ-ын Бусан хот болон Сингапурын Олон улсын хүүхдийн номын үзэсгэлэн, Турк, Ираны хэвлэн нийтлэгчдийн нөхөрлөлийн хөтөлбөр, Малайз, Казахстан Улсын Астана хотноо болсон номын үзэсгэлэнд танилцуулсан амжилтаар 37 дахь удаагийн Номын баяраа угтаж байна.

Түүнчлэн “Либро сувд агентлаг”-аас орчуулгын номын эрх авах, номын редактор, ном зүйн үйлчилгээ, номын маркетинг хэсгээс хэвлэлийн үнэ бодуулах, шинэ хэвлэх номынхоо цаас, материалыг сонгох зэргээр ном бичих хүсэлтэй уншигчдад зориулсан шинэ орон зай нээгдлээ.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency