Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн 4 дүгээр сарын 30-ны өдөр 54.5 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир даргалан явууллаа.
Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг эхлэн хэлэлцэж, энэ талаар тухайн асуудалд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулав.
Үндсэн хуулийн цэц 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцжээ.
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос … дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн … саналын хуудсыг хүчингүйд тооцно.” гэж заасны “… дутуу …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд … чөлөөтэй … сонгох эрхийн үндсэн дээр … сонгоно.” гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна. Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн72.1 дэх хэсгийн “… дутуу …” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр уг дүгнэлтэд дурджээ.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулав.
Засгийн газраас 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хоёр удаа хуралдаж гаргасан санал, дүгнэлтээ Байнгын хорооны 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанд танилцуулсан. Үүний дагуу Байнгын хороо хуулийн төслүүдтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт заасныг үндэслэн хууль зүйн дүгнэлт гаргуулах, түүнчлэн Хүний эрхийн үндэсний комисс, Улсын Дээд шүүх болон Улсын Ерөнхий прокуророос хуулийн төслүүдтэй холбогдсон санал авахаар шийдвэрлэсэн.
Спорт бооцоот тааврын үйл ажиллагааг зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхлэхийг Зөвшөөрлийн хуулийн өөрчлөлтөд тусгахаар болсонтой холбогдуулан Зөрчлийн тухай, Зар сурталчилгааны тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулиудад өөрчлөлт оруулах хуулийн төслүүд дэх нэр томьёог нийцүүлэн өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн болохыг ажлын хэсгийн танилцуулгад дурдсан.
Монгол Улсын иргэн гадаад улсад казино тоглох, бооцоот тааварт оролцох нь хуулийн хориглолтод хамаарахгүй байх тул тухайн үйл ажиллагаанаас олсон орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулах, орлогыг оновчтой тогтоох, түүнчлэн Онцгой албан татварын тухай хуулийн төсөлд спорт бооцоот тааврын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотойгоор татвар ногдуулах биет хэмжээний төрөл, татварын хувь, хэмжээ тогтоох асуудлыг нарийн тооцож хуульчлах шаардлагатай байх тул мэргэжлийн байгууллагуудын саналыг авсны үндсэн дээр хуулийн төсөлтэй холбоотой саналыг бэлтгэх нь зүйтэй гэсэн саналыг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн хэмээн Г.Уянгахишиг гишүүн танилцуулгынхаа төгсгөлд тодотгов. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэн, ажлын хэсгээс бэлтгэн томьёолсон зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм.
Тухайлбал, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1, 3 дугаар зүйлийг хасахыг, төслийн 2 дугаар зүйлийг өөрчлөн найруулахыг, гишүүдийн олонх дэмжсэн. Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийг өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжив. Ийнхүү Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэв
Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцсэн юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12, 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлдэг.
Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг “Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа”, “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал”, “Хүний эрх ба цахим технологи”, “Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал” “Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт” гэсэн 6 бүлгийн хүрээнд боловсруулж, Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төсөлд тусгуулах 44 саналыг тусгасан байна. 24 дэх илтгэлийн талаарх ерөнхий мэдээллийг ийнхүү Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид дурдаад, тус илтгэлийн нэгдүгээр бүлэг буюу “Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа”-ны талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиар хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах үзэл баримтлалд тулгуурлан Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох, иргэний олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн баталгаажуулсан. Комисс хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд 2024 оны Монгол Улсын Их Хурал болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, шууд, тэгш эрхийн үндсэн дээр саналаа чөлөөтэй, нууцаар гаргах үндсэн зарчмыг хэрэгжүүлсэн байдалд дүн шинжилгээ хийжээ. Түүнчлэн сонгуулийн зардал, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн талаарх гомдол, маргаан шийдвэрлэлттэй холбоотой дэд сэдвүүдэд дүн шинжилгээ хийсэн гэв.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуулийг тус бүрийн онцлогийг тусгасан байдлаар өөрчлөх, зарим давхардал, зөрчил, хийдлийг арилгах шаардлагатай гэж үзсэн байна.
Сонгууль “Бүх нийтийн байх” зарчмын хүрээнд шилжин суурьшигчид оюутан, өөрсдийн өмчлөлийн орон байргүй түрээсийн байрт амьдардаг иргэд, уртын ээлжээр ажилладаг уул уурхай, зам тээвэр, барилга дэд бүтцийн салбарын ажилтнууд, өөрийн харьяанаас өөр хэсгийн хороодод ажиллаж буй төрийн албан хаагчид, эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчлүүлж байгаа иргэд сонгох эрхээ эдэлж чадахгүй байна хэмээн дүгнэжээ. Энэ хүрээнд бусад улс оронд хэрэгждэг цахимаар эсвэл шуудангаар урьдчилан өгөх зэрэг боломжит хувилбаруудыг хуулиар зохицуулах нь зүйтэй саналыг Комиссын дарга Д.Сүнжид танилцуулсан. Үүний сацуу хорих ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн шүүхийн шийтгэх тогтоол гарсан тохиолдолд сонгох эрхийг эдлүүлэхгүй зохицуулалттай ч олон улсын байгууллагын зүгээс гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан сонгох эрхийг олгох боломжийг эрэлхийлэх ёстой гэдэг зөвлөмж өгдөг хэмээгээд энэ талаар судлан үзэх нь зүйтэй гэв.
“Тэгш байдлын” зарчмын хүрээнд сонгогчдын тоог үндэслэн сонгуулийн тойрог байгуулах, сонгуулийн мандат тогтоох асуудлыг хуульд тусгах, мандатын тоонд ногдох тойргийн сонгогчдын тооны хэт зөрүүтэй байдлыг арилгах, тойрог тутамд ногдох сонгогчийн тоог сонгогчдын дундаж тооноос 15 хувиас илүүгүй байхаар тогтоох, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгогчийн ирцийн босго хувийг хуульд заах шаардлагатай хэмээсэн.
Мандатын тоотой тэнцүү саналыг дугуйлахыг шаардаж буй, сонгуульд өрсөлдөж буй нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод бүрэн нийцүүлэх шаардлага тавьж байгаа зэрэг нь “Чөлөөтэй байх” зарчимд нийцэхгүй байгааг анхаарах ёстой гэв. Хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдын санал авах байрны хүртээмж, мэдээлэл авах эрх, саналаа чөлөөтэй, нууцаар өгөх нөхцөлийг хангах, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос Засгийн газарт өгсөн 2023.09.05-ны өдрийн (CRPD/C/MNG/GO/2-3) зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагатай гэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр сонгуулийн зардлын талаарх дэд сэдвийн хүрээнд танилцууллаа. Сонгуулийн зардлын дээд хэмжээ хэт өндөр байгаа нь дундаж иргэдийн сонгуульд нэр дэвших боломжийг бууруулах хүчин зүйл болж байгаа тул сонгуулийн зардлыг бууруулах, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад, залуучууд зэрэг нийгмийн олон бүлгээс сонгуульд нэр дэвших боломжийг дэмжих түр, тусгай арга хэмжээг хуулиар тодорхойлох шаардлагатай гэжээ. Мөн нам, эвсэл, нэр дэвшигчид холбогдох сонгуулийн зардал, тайлагналтад хяналт тавих байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлж, сонгуулийн зардлын тайлантай холбоотой зөрчлийг арилгуулах, хүлээлгэх хариуцлагыг үр дүнтэй болгох хууль тогтоомжийг сайжруулах шаардлага бий хэмээн үзсэн байна. Өнөөдрийг хүртэл тайлангаа ирүүлээгүй 3 нам, эвсэл байгаа бөгөөд энэ тохиолдолд дараагийн удаа ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байдаг аж. Сонгуулийн хандивыг буцаахтай холбоотой асуудлыг мөн дурдаж, зарцуулаагүй үлдсэн бол хэрхэх талаар зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай гэв. Сонгуулийн гомдол, маргаан хүлээж авах, шалган шийдвэрлэх хугацаа богино, хууль хэрэглээний нэгдмэл байдал хангалтгүй байгаа тул сонгуулийн гомдол, маргааныг үр дүнтэй шийдвэрлэх, үр нөлөөтэй хариуцлага тооцох, зөрчигдсөн эрхийг бодитой сэргээх тогтолцоог бүрдүүлэх шаардлагын талаар, мэдээллийн ил тод байдлыг хангахтай холбоотой дүгнэлт, зөвлөмжийг танилцууллаа.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд 2024 оны 4 дүгээр сараас 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ, сургалт, сурталчилгаа, хамтын ажиллагаа, төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэл, олон улсын байгууллагын дүгнэлтэд үндэслэн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2024 оны тайланг 6 бүлэгтэйгээр, дүгнэлт, саналын хамт боловсруулжээ.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд тайлант хугацаанд 57 удаагийн урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ хийжээ. Хүүхдийн асрамж, халамжийн байгууллагуудад 10, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газруудад 5, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэх албаны төв, орон нутгийн байгууллагуудад 16, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа салбар, нэгжүүдэд 22, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 3, Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Сахилгын байранд 1 удаагийн урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ хийжээ.
Тайлант хугацаанд эрх чөлөөгөө хязгаарлуулсан 415 иргэн, 311 төрийн албан хаагчтай, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа албан ёсоор хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд нийт 1,334 иргэн, 215 төрийн албан хаагчтай ганцаарчилсан ярилцлага хийсэн байна.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны тайлант хугацаанд 1,623 иргэн, 311 төрийн албан хаагчаас, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа албан ёсоор хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд 1,549 иргэн, 1,465 төрийн албан хаагчаас эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтийн талаар асуумж авч, нэгтгэн дүгнэсэн бөгөөд тодорхой асуудлуудыг шийдвэрлэх талаарх гишүүний зөвлөмжийн үндэслэлүүдийн нэг гол эх сурвалж болгож ирснийг тэрбээр дурдлаа.
2024 анх удаа НҮБ-ын Гэрээний хороо, НҮБ-ын мандаттай олон улсын байгууллага болон хууль хяналтын байгууллагатай хамтарсан эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилт, урьдчилан сэргийлэх хяналт, шинжилгээг Монгол Улсад хийжээ. Мөн “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” (АРТ)-тэй хамтран урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ хийсэн байна. Энэ нь эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх, хяналт шинжилгээ хийх арга зүйг нутагшуулахад чухам алхам болсныг дурдсан. Үргэлжлүүлэн тэрбээр иргэний нийгмийн байгууллагатай хамтран, төлөвлөгөөгөө баталж, хэрэгжүүлж байгаагаа танилцуулсан юм.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний нийт 50 зөвлөмж, тайлант хугацаанд 14 зөвлөмжийг холбогдох албан тушаалтнуудад хүргүүлж, зөвлөмж тус бүрийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, ахиц дэвшлийг тооцон ажилласан бөгөөд 2022-2025 онд хүргүүлсэн нийт зөвлөмжийн биелэлтийн ерөнхий хувь 80 хувьтай үнэлэгдсэн гэв. Зөвлөмжийг хэрэгжүүлээгүй 10 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Зөвлөмжийн үр дүнд оюуны болон сэтгэцийн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 3-18 насны 100 хүүхэд, 18-34 насны 200 залуусыг хүлээн авах хүчин чадалтай 23.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй асрамж, халамжийн газрын барилгыг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж байгуулахаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны багцын хөрөнгө оруулалтын төсөвт тусган баталжээ. Барилгын ажил 2025 онд эхлэх юм байна. Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгаалал ерөнхий газарт албан хэрэгцээнд зориулан хуваарилсан ийм таблетаас бол хэмнэж, Өнөр бүл хүүхдийн төвд амьдардаг болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллежид суралцаж байгаа оюутнуудад цахимаар суралцах нөхцөлийг хангах шаардлагатай төхөөрөмжөөр хангасан зэрэг зөвлөмжийн үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 81 дүгээр чуулганаар Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын III илтгэлээ хэлэлцүүлсэн. Монгол Улсыг эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бол ахицтай ажиллаж байна хэмээн дүгнэсэн байна. Мөн “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” олон улсын байгууллага нь манай улсыг бүс нутагтаа тэргүүлэх туршлага хуримтлуулж ажилласан гэж дүгнэжээ.
Танилцуулгынхаа төгсгөлд Комиссын гишүүн Я.Цэлмэн Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулахаар эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас өгч буй есөн саналыг нэгбүрчлэн танилцуулсан.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцсэн. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Улсын Их Хурлаас Засгийн газар, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагад хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон энэ хуулийн 10 дугаар зүйлд зааснаас бусад Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг ээлжит чуулган эхлэхээс 15 хоногийн өмнө Улсын Их Хуралд ирүүлнэ” гэж, 16.2-т “Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг ирүүлснээс хойш 15 хоногийн дотор Тамгын газар Байнгын хорооны эрхлэх асуудал бүрээр дүн шинжилгээ хийж, танилцуулгын хамт холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ” гэж, 16.3-т “Байнгын хороо Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг энэ хуулийн 16.2-т заасан танилцуулгыг хүлээн авснаас хойш нэг сарын дотор хэлэлцэнэ” гэж тус тус заасан байдаг.
Энэ дагуу Улсын Их Хурлаас Засгийн газар, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагад хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудалд хамаарах Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланд хийсэн дүн шинжилгээг хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр энэ талаар хуралдаанд танилцуулав.
Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 8.5-д “Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн явцад хагас, бүтэн жилээр хяналт-шинжилгээ хийж дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулан холбогдох тайланг Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд тус тус хүргүүлнэ” гэж заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Хууль зүйн байнгын хороонд тайланг хүргүүлсэн гэв.
Яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Засгийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан (new.unelgee.gov.mn)-д ирүүлсэн хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тайланд үндэслэн хяналт-шинжилгээ, үнэлгээг хийсэн бөгөөд “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 6.3-т заасан аргачлалыг баримталсныг Э.Одбаяр сайд танилцуулсан юм.
Засгийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан (new.unelgee.gov.mn)-д Монгол Улсын хуулийн 89, Улсын Их Хурлын 104, Улсын Их Хурлын Байнгын хорооны 79, нийт 272 шийдвэрийн 1550 заалт бүртгэлтэй байгаа юм байна.
Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Байнгын хорооны шийдвэрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд хэрэгжилт 66.4 хувьтай гарчээ. Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд бүртгэлтэй байгаа Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Байнгын хорооны шийдвэрийг үнэлгээний ангиллаар авч үзэхэд 569 буюу 36.7 хувь нь “бүрэн хэрэгжсэн”, 390 буюу 25.2 хувь нь “хэрэгжих шатанд”, 224 буюу 14.5 хувь нь “хэрэгжилт хангалтгүй”, 196 буюу 12.6 хувь нь “хэрэгжээгүй” гэж дүгнэгдсэн байна.
Харин хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй учраас 170 заалтыг үнэлэх боломжгүй байжээ. Хэрэгжилт дунджаар 66.4 хувь буюу өмнөх оны мөн үеэс 3.8 хувиар өссөн үзүүлэлттэй болохыг Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга танилцуулсан. Хэрэгжилт бүрэн хангагдсан, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон, тухайн асуудлаар дахин шийдвэр гарсан, шийдвэр хүчингүй болсон зэрэг 519 заалтыг хяналтаас хасуулах саналыг мөн танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй