92 ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ОРОН СУУЦТАЙ БОЛГОХООР ТӨЛӨВЛӨӨД БАЙНА

2025-05-12
Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд суманд өнөөдөр/2025.05.12/-нд зохион байгуулагдаж байна. Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхий Сайд, УИХ-ын гишүүд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь,  ХББОСЯ-ны орон сууцжуулалтын хэлтсийн дарга Э.Батболд, Орон сууцны санхүүжилт, зээлийн судалгаа, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Бүжмаа болон төрийн захиргааны байгууллагууд, Говийн бүсийн Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн  гишүүд, бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 1100 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах чиглэлээр 5 багц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр зорилт тавиад байна. Ялангуяа Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон нутгийн хөгжлийг дэмжихэд илүү анхааран үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа.
Засгийн газрын 2023 оны 483 дугаар “Иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор орон сууцжуулах чиглэлээр:
Миний анхны байр,
Миний түрээсийн орон сууц
Миний амины орон сууц
Миний сонголт орон нутаг
Миний сонголт Төрийн алба гэсэн 5 багц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтсон.
Эдгээр таван багц үйл ажиллагааны Миний сонголт төрийн алба, Миний сонголт орон нутаг багц ажлын хүрээнд “Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах цогц хөтөлбөр”-ийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн нэгдүгээр үе шатаар 78 сумын төв суурин газарт Төрийн албан хаагчдын орон сууц төслийг 2024 оноос 2027 он хүртэлх хугацаагаар хэрэгжүүлж эхлээд байна.Төслийн үр дүнд Говийн бүсэд  8 сумын төв, суурин газарт ойролцоогоор 4140 орчим м2 сууцны талбайтай, 92 төрийн албан хаагчдыг орон сууцтай болгохоор төлөвлөөд байна.
эх сурвалж: zogii.mn

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency