Дөрвөн нам орон нутгийн нөхөн сонгуульд оролцоно

2025-04-30

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам, Иргэний зориг ногоон нам оролцохоо илэрхийллээ.

Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэн, хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд энэ сарын 23-наас өмнө ирүүлэх, тухайн шатны сонгуулийн хороо тав хоногт багтаан бүртгэх эсэх шийдвэр гаргахаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуулийг зохион байгуулахаар цаг хугацааны хуваарьт заасан. Хоёр аймгийн ИТХ-ын тус бүр нэг мандатын төлөөх нөхөн сонгуульд дээрх 4 нам оролцохоо илэрхийлснийг аймгийн сонгуулийн хороо бүртгэх шийдвэр гаргажээ.

Сумын ИТХ-ын 61 мандатад нөхөн сонгууль явуулах бөгөөд Монгол Ардын нам 50, Ардчилсан нам 43, ХҮН нам 6, Иргэний зориг ногоон нам 1 мандатад бүртгүүлсэн байна. Нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа энэ оны тавдугаар сарын 8-14-нийг дуустал үргэлжилнэ. Улмаар нэр дэвшигчдийн баримт бичгийг тавдугаар сарын 17-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэх юм. Сонгуулийн хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргаж, зургаадугаар сарын 7-нд нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхэлнэ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуулийн саналыг зургаадугаар сарын 22-нд Улаанбаатарын цагаар 07:00-20:00 цагт авна гэж СЕХ-ноос мэдээллээ.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency