Сагсан бөмбөгийн лигийн финалын цуврал өнөөдөр эхэлнэ

2025-04-21

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын финалын цувралын тоглолт өнөөдөр эхэлнэ.

Эл цувралд 21 жилийн түүхтэй лигийн найман удаагийн аварга “Хасын хүлэгүүд”-ийн эсрэг сүүлийн гурван жилд дараалан финалдсан “Бишрэлт Металл” баг шалгарчээ. “Хүлэгүүд”-ийн хувьд эхний цувралд “Дархан Юнайтед”-ыг 4:1, хагас шигшээд “Сэлэнгэ Бодонс”-ыг 4:3-аар хожсоноор финалд шалгарсан юм. Тэд 21 жилийн түүхэндээ 14  дэх удаагаа финалд шалгарсан нь энэ.

Тэгвэл тэдэнтэй тоглох “Бишрэлт Металл”-ын хувьд плей-оффийн эхний шатанд “Завхан Бродерс”-ыг 4:0, хагас шигшээд “АПЕС”-ийг 4:3-аар буулган авснаар финалд сүүлийн гурван жил дараалан үлдэв. Тэд тоглолтын завсраар Азийн аваргуудын лигийн хүрээнд хоёр тоглолтод оролцохдоо нэг хожиж, нэг хожигдсон юм.

Хоёр багийн эхний тоглолт өнөөдөр, дараагийнх нь энэ сарын 23-нд, гурав дахь цуврал 26-нд болох юм. Ингээд 21 хоног завсарласны эцэст дөрөв дэх цуврал ирэх сарын 17-нд эхэлнэ. Учир нь энэ хооронд Азийн аваргуудын лигийн хүрээнд “Хүлэгүүд” баг ирэх сарын 3-нд “Эйдройт”-той, 5-нд “Хай Тех баскетболл” клубтэй тоглох юм. Үүнээс гадна ирэх сарын 11-16-нд “Бишрэлт Металл”, “Хүлэгүүд” багийнхан Азийн аваргуудын лигийн сүүлийн тоглолтуудаа эх орондоо хийнэ.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency